Page 85 - Бат хааны байлдан дагуулал
P. 85
чамай татаруудын хүчирхэг хороонууд тэднийг дийлсэн юм» хэмээн
энэ тулалдааныг «Батый Рязань нутгийг бусниулсан тухай тууж»-ид
Оросын он тооллын бичиг зохиогч хэтрүүлэл ашиглаж дүрсэлсэн
байдаг. Ер нь ганц энэ туужид ч биш, Монголын түрэмгийллийн тухай
өгүүлсэн Оросын аливаа он тооллын бичигт оросуудын эсэргүүцлийг
хэт дөвийлгөж, монголчуудын харгислал хийгээд тэдний тоог хэт
дэгсдүүлсэн нь элбэг. Энэ далимд хэлэхэд, Калка дахь тулалдааныг
Оросын он тооллын бичигт 1224 онд болсон гэж бүтэн нэг жилээр
алдаж бичсэн зэргээс үзвэл эдгээр бичиг тийм ч найдвартай эх сурвалж
биш бололтой. Ер нь ихэнх сурвалж бичиг үйл явдал болсноос хойш
наанадаж хэдэн жилийн, цаанадаж хэдэн арван жилийн дараа бичигдэж
байсныг бодолцох хэрэгтэй.
Ухарч буй рязаньчуудыг туусаар монголчууд Пронск, Ижеславец,
Белгород, Борисов-Глебов хотхонуудыг галдан түймэрдэж, хөрстэй нь
тэгшлэв. «Загалмайтнуудын цус гол мэт урсч байлаа» хэмээн он
тооллын бичигт гунигтайяа өгүүлсэн байдаг. Одоо Рязань орох зам
нээлттэй боллоо.
1237 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр их цэргийн манлай анги
Рязань хотод тулж очжээ. Удалгүй Алтан ургийн долоон хан хүү Бат,
Орд, Гүюг, Мөнх, Хүлгэн, Хадан, Бүри нарын цэрэг хүрэлцэн ирж,
хотыг орчлонгоос таслан хаасан байна.
Тухайн үедээ Рязань Оросын томоохон, хүчирхэг хотуудын нэгд зүй
ёсоор тооцогдож байв. 25 мянган хүн оршин суудаг Рязань
шаардлагатай үед 3-4 мянган бүрэн зэвсэглэсэн дайчин гаргах
чадвартай байснаас гадна монголчуудыг ойртон ирэхэд тэднээс
зугатсан хавь ойрын олон зуун хүн хотод ирж, толгой хоргодсон
байлаа. Рязань гурван талаасаа 10 метр өндөртэй, 23-24 метр өргөн
суурьтай далан, үлдсэн нэг талаасаа байгалийн хана хэрэм болсон Ока
мөрнөөр найдвартай хамгаалагдсан байв. Түүнээс гадна даланг
тойруулж 8 метр гүн гуу татжээ.
Юрий вангийн зээ Роман Ингваревич хотоос гарч, монголчуудтай
сэлэм зөрүүлсэн боловч хүчинд автагдан ялагдаж, үлдсэн цөөн тооны