Page 86 - Бат хааны байлдан дагуулал
P. 86
цэргийн хамт арга буюу Владимир луу зугатсан байна. Энэ нь Рязань
хотын хамгаалалтыг улам сулруулсан нь дамжиггүй.
Байлдааны ажиллагааг гардан удирдсан, Хятад, Хорезмд дайтаж
байхдаа том хот эзлэх туршлага суусан Сүвэдэй баатар Рязанийг авах
эцсийн шийдвэрлэх дайралт хүртэл цэргүүдийг ээлжлэн сольж, өдөр
шөнө тасралтгүй довтолжээ. Бүтэн таван хоногийн турш рязаньчууд
монголчуудын дайралтыг тогтоож байв. «Батын цэрэг өдөр болгон
солигдож байв. Харин рязаньчууд эцэж туйлдахыг мэдэхгүй,
солигдохгүй тулалдсан» хэмээн Оросын эртний судар бичигт
тэмдэглэсэн байдаг. Амь үрэгдсэн эрчүүдийн байрыг эмэгтэйчүүд,
хүүхдүүд, хөгшчүүл эзэлж байв. Зургаа дахь өдөр буюу
арванхоёрдугаар сарын 21 гэхэд рязаньчуудын «ихэнх нь алагдаж,
ихэнх нь шархдаж, үлдсэн нь ядарч зүдрэхийн туйлд хүрсэн» байхад
монголчууд хотыг авсан гэж өнөөх сударт бичжээ. Олон цэргээ алдсан
Бат хаан Рязанийг газрын хөрстэй тэгшлэхийг тушаасан гэдэг.
«Батый Рязань нутгийг бусниулсан тухай тууж»-ид монголчууд хотыг
авмагц «эмэгтэйчүүд, хүүхдүүд, олон хүнийг цавчин алж, заримыг нь
голд живүүлж, хотыг шатаан түймэрдэж, рязаньчуудын бүх баялгийг
цөлмөжээ… Алагдсан, үхсэн хүмүүсийн араас уйлж гашуудах хэн ч
байсангүй. Хотод амьд амьтан юу ч үлдсэнгүй. Тэд /…/ бүгд үхэтхийн
хэвтэж байлаа» гэжээ.
Дашрамд өгүүлэхэд, жил гаруйн дараа хоёрдугаар аян дайны яг эхэнд
монголчууд рязань хотыг дахин эзэлж, тонон дээрэмдсэн байна.
Энэхүү баримтаас тунгаан үзвэл 1237 онд монголчууд тус хотыг
газартай нь тэгшилж, хүн амыг нь хүйс тэмтэрсэн гэж Оросын
түүхчид номлодог нь бодит үнэнд төдийлөн нийцэхгүй бололтой.
Гэхдээ хоёр дахь түйвээний дараа Рязань сэхээгүй юм. Одоогийн
Рязань нь монголчуудын хөлд өртөж, газрын хөрснөөс ардчигдсан
нэр нэгт хотоос 60 км-ын зайд оршдог.