Page 80 - Бат хааны байлдан дагуулал
P. 80
1237 оны намар гэхэд булгарчуудын 60 орчим хот (!) монголчуудад
эзлэгдэж, ард түмэн ой мод руу зугатаж, Ижил мөрний Булгар улс
үндсэндээ Бат хааны гарт орсон байлаа. Гэхдээ булгарчууд хожим хэд
хэдэн удаа бослого дэгдээснийг монголчууд багагүй хүн хүч дайчилж
байж дарж байснаас тэдний хүн амын ихэнх нь ямар нэг байдлаар
амьд гарсан гэж үзэж болох юм.
Монгол цэргийн зарим ангиуд хойд зүгт давшсаар Кама мөрөнд
тулсан байна. 1223 онд монгол цэрэгт халдаж зүрхэлсэн булгарчуудыг
«бараг толгой дараалан хядсан байна. Зөвхөн цөөн тооны иргэнийг
зориуд амьд үлдээж, тэд монголчуудад туугдан зугатахдаа Камын
[Ижил мөрний] булгарчуудад юу тохиосныг мэдээлж байлаа. Аян
дайны эхэнд ийм харгис арга хэмжээ авсан нь мэдээж ганцхан өшөө
хорслоо тайлах биш, мөн ирээдүйд учрах дайснуудад айдас төрүүлэх
зорилготой байв»[95].
Бездна, Актай голын сав нутагт 300 км-ийн урт, 3-4 км-ийн өргөн
газар хийсэн археологийн малталт монголчуудын довтолгоон тун ч
ширүүн болсныг гэрчилнэ. Тус сав газар нийт 73 суурингийн нурмыг
археологичид илрүүлсэн бөгөөд тэдгээр суурин бүгд монголчуудын
довтолгооны үед сөнөж, дахин сэргээгдээгүй байна.
Булгарыг эзлэнгүүт Бат хаан зэвсгийн үзүүрийг баруун хойд зүг
хандуулав. Мөнх, Гүюг нарын цэрэг (хожим Сүвэдэй баатар өөрийн
цэргийн хамт тэдэнд нэгдсэн) алан, команчуудыг Дон мөрний зүүн
эрэг рүү таягдан хаяжээ. Бат, Орд, Бэрх, Бүри, Хүлгэн нарын удирдсан
цэргүүд Ока, ижил мөрний дунд урсгалын сав газар нутагладаг буртас
буюу мокша, мордва, черкес нартай 1237 оны зун, намрын турш
дайтаж, тэднийг байлдан эзэлсэн байна.
Ижил мөрнийг гатлахыг завдаж байсан их цэрэгт Шейбан хан олон
тооны завь өгч тусалжээ. Монголчууд зэр зэвсгээ арьсан уутанд хийж,
мориныхоо сүүлнээс уяад, өөрсдөө морио усанд хөвүүлэн, дэлнээс
нь зүүгдэн сэлсээр эл их мөрнийг гатлав. Ижил мөрнийг ардаа
орхисноор Бат хааны цэрэг асар уудам нутаг дэвсгэртэй Оросын
ванлигуудад нэвтрэн орсон юм.