Page 94 - Бат хааны байлдан дагуулал
P. 94
Владимирын мөхөл
(1238 оны хоёрдугаар сарын 3-7)
1238 оны хоёрдугаар сарын 3-нд Бат хааны цэрэг Зүүн-Хойд Оросын
нийслэл Владимир хотыг бүслэн хаажээ. Владимирыг урд, зүүн, хойд
талаас Клязьма, Лыбедь гол хамгаалж, харин хотын баруун талд
«Алтан хаалга» хэмээх цагаан чулуун бэхлэлт сүндэрлэж байлаа.
Энэхүү бэхлэлт тухайн үеийн ямар ч техник, зэвсэгт дийлдэхгүй тийм
бат бэх хана байв. Хотын төвд хүрэхийн тулд Шинэ хот, Дунд буюу
Мономахын хот, Детинец буюу Кремль гэсэн хамгаалалтын гурван
хэрэмийг даван туулах хэрэгтэй байлаа. Түүнээс гадна олон тооны
чулуун сүм дуганууд шаардлагатай үед муухан цайзаас илүү
хамгаалалт болохоор байжээ. 30 гаруй мянган хүн амтай, сайтар
бэхлэгдсэн Владимир удаан хугацааны бүслэлтийг амжилттай даах
бүрэн бололцоотой хот байв. Талбайн хэмжээгээрээ Киев,
Новгородоос ч том Владимир нь байгуулагдсан цагаасаа хойш 130
жилийн хугацаанд дайсанд эзлэгдэж байгаагүй хот байжээ.
Их ван Юрий өөрийнхөө оронд Всеволод, Мстислав хоёр хүүгээ
үлдээгээд, хотын хамгаалалтыг воевод Пётр Ослядуковичэд даатгаад,
дахин цэрэг хуримтлуулах санаатай хотоо орхиж явсан байлаа. сайтар
бэхлэгдсэн нийслэл нь монголчуудыг удаан хугацаагаар саатуулан
тогтооно гэж их ван тооцоолсон байв.
«Бүр 1210-аад оны үед тэрээр [Юрий] Новгородын дэмжлэг авсан авга
ахтайгаа дайтаж, вант улсынхаа бүхий л хүчийг үрэн таран хийжээ.
/.../ Тиймээс 1237-1238 оны өвөл Бат хаан Рязанийг аваад,
Коломнагийн дэргэд бачим цуглуулсан орос цэргүүдийг хиар цохиод,
Владимир луу хөдлөхөд Юрий юу хийж чадах байсан бэ? Ван эсвэл
монголчуудтай тохирох, эсвэл хотоо орхиод хойд зүг рүү ухарч, битүү
ойд хүчээ хуримтлуулах ёстой байв. Юрий гурав дахь буюу хамгийн
буруу хувилбарыг сонгожээ. Тэрээр хотоо хамгаалахыг тушаагаад,
цэрэг үлдээлгүй одсон байна. Тэгэхдээ хотод гэр бүлээ орхижээ. Ван
өөрөө цэрэг хуримтлуулах нэрээр Мологагийн эрэг рүү хөдөлж,
түүн рүү Сить гол цутгадаг газар байрласан юм»[120].