Page 98 - Бат хааны байлдан дагуулал
P. 98
хуримтлуулаад тэднийг үтэр хөөнө гэж гэнэн төлөвлөсөн нь талаар
өнгөрчээ.
Владимир нь Бат хааны их цэргийн нэгдсэн хүчинд бүслэгдсэн Зүүн-
Хойд Оросын сүүлчийн хот байлаа.
хоёрдугаар сар (1238)
Владимир хотыг эзлэн авсны дараах хуралдаан дээр их цэргээ хувааж,
хэдэн зүгт нэг зэрэг хөдлөхөөр шийджээ. Учир нь Зүүн-Хойд Оросод
Владимираас өөр томоохон хот байгаагүй тул их цэргийг хамтад нь
барих шаардлагагүй байлаа. Түүнчлэн Зүүн-Хойд Оросын жижиг
хотууд Монголын их цэргийн нэгдсэн хүчийг хахир өвлийн улиралд
хүнс тэжээлээр хангаж чадахгүй байв. Цэргийн жижиг анги
нэгдлүүдийн дарга нар хаврын урин цаг ирэхээс өмнө амжуулж Зүүн-
Хойд Оросыг түймэрдэж, холбоо, хангамжийг нь тасалж,
эсэргүүцлийн голомтуудыг нэг нэгээр нь дарах үүрэг хүлээжээ.
Хоёрдугаар сарын дундуур Бат хаан их цэргээ хэдэн хэсэгт хувааж,
Орос нутгийг түйвээж эхэлжээ. Монголын цэргийн нэг анги Ижил
мөрний дунд урсгалд байрласан хотуудыг авах үүрэгтэйгээр зүүн зүг
хөдлөв. Нөгөө анги Торжок, Тверь зэрэг хотыг түрэмгийлэх
зорилготой баруун-хойд зүг чиглэжээ. Бат хаан гол хүчээ өөрийн
биеэр удирдан Владимирын их ван, үйлийн үртэй Юрий
Всеволодовичийг бүрмөсөн устгахаар Сить гол руу давшсан байна.
Бат хааны удирдсан цэрэг Нерли гол, Неро нуурын мөсөн дээгүүр
явж, хоёрдугаар сарын дундуур Ростов хотод тулж очжээ. Ростовын
ван Василько Константинович Юрий Всеволодовичтэй хүчээ
нэгтгэхээр Сить гол руу хөдөлсөн тул монголчууд хотыг цус
урсгалгүй авсан байна. Эрх мэдлийг гартаа авсан хотын баячууд,
худалдаачид эсэргүүцэл үзүүлэх нь ямар ч үр дүнгүйг ухамсарлан
Есөн хөлт цагаан тугийн өмнө хотын хаалгаа нээжээ. Тийм ч учраас
Чингис хааны сургасан ёсоор хотыг эвдэлж сүйтгэсэнгүй. Хожим
Ростов Оросын томоохон төв болжээ. Ганц жишээ дурдахад бүх
Оросын он тооллын бичгийн төв нь Владимираас Ростов руу нүүсэн
байна.

