Page 99 - Бат хааны байлдан дагуулал
P. 99
Ростовт монголчууд хоёр хэсэгт хуваагджээ. Бурундай жанжны
толгойлсон арай хүчирхэг нэг бүлэг Устье голын мөсөөр Углич руу
хөдөлжээ. Углич Ростовын нэгэн адил байлдалгүй бууж өгсөн байна.
Угличийн ван Владимир Константинович Васильког дууриан их вантай
хүчээ нэгтгэхээр Сить рүү мордсон байв. Тиймээс хотыг толгойлж
үлдсэн баячууд бууж өгөх нь зүйтэй гэж үзжээ. монголчууд агт, хүнс
аваад цааш хөдөлсөн байна.
Монголын цэргийн нөгөө анги Ижил мөрний дунд урсгалд байрласан
хотуудыг авахаар хөдөлсөн цэрэгтэй Костромагийн орчим нэгдэх;
Юрий Всеволодовичийг Ижил мөрөн рүү ухрахаас сэргийлэх үндсэн
хоёр зорилготой Ростовоос Ярославль, Костромагийн чиглэлд
давшжээ. Тэрхүү анги үүргийнхээ эхний хэсгийг амжилттай
биелүүлж, Ярославль хотыг авсан байна. Он тооллын бичигт татар
цэргийн нэг анги Ярославлийг авсан гэж тун ч товчхон, хуурай
тэмдэглэгдсэн боловч хэдэнд, хэрхэн хотыг эзэлсэн тухай дурдаагүй
байдаг. Энэ явдлаас хойш хэдэн зууны дараа зөвлөлтийн нэрт
эрдэмтэн Н.Н. Воронины удирдлага доор хийсэн археологийн малталт
монголчууд ярославльчуудын ширүүн эсэргүүцлийг нухчиж, хотыг
түймэрдэн шатаасныг гэрчилсэн юм. Ярославль олон арван жилийн
дараа л хуучин хэмжээндээ хүрсэн байна.
Владимир хотоос Клязьма голын мөсөөр зүүн зүг хөдөлсөн
Монголын цэргийн анги Стародубыг бүсэлж, шаргуу тэмцсэний үр
дүнд хотыг авчээ. Монголчуудыг ирэхээс өмнө Стародубын ван Иван
гэр бүл, эд хөрөнгөө Ижил мөрний баруун эрэг рүү гаргаж амжсан
байна. Байлдан дагуулагчид стародубаас давшилтаа үргэлжлүүлж,
Городец хотыг авмагц Ижил мөрний дунд урсгалыг даган хөдөлж,
тэндхийн хотуудыг авчээ. Монголчуудын зарим жижиг анги Галич-
Мерьский, бүр Вологда хотод дөтлөн очсон гэдэг мэдээтэй.
Владимираас баруун-хойд зүг хөдөлсөн цэрэг Юрьев-Польский хотыг
байлдан авч, хоёрдугаар сарын дундуур Переяславль-Залесскийн
барааг харжээ. Тус хот стратегийн тун чухал цэг байлаа. Клязьма
голын сав газраас Новгород хүрэх хамгийн дөт усан замыг
Переяславль-Залесский хааж байв. Переяславль-Залесскийг 12