Page 104 - Бат хааны байлдан дагуулал
P. 104
Ростов, Углич хотуудыг байлдалгүй авсны дараа Бурундай жанжны
морин цэрэг Сить гол руу түргэн шаламгай давшиж, гуравдугаар
сарын эхээр түүний ойролцоо очжээ. Ростов, Углич, Ярославль,
Кснятин хотууд түрэмгийлэгчдийг удаан хугацаагаар саатуулна гэдэгт
итгэсэн их ванд энэ нь санамсаргүй хэрэг болжээ. Монголчууд ойртож
байгаа тухай анхны мэдээг авмагц Юрий Всеволодович воевод Дорож
буюу Дорофей Фёдоровичийг гурван мянган цэргийн хамт манаанд
гаргасан байна.
Сить голын эх орчимд монголчууд харуул ангийн орос цэргийг устгаж,
гуравдугаар сарын 4-нд Юрийгийн хуаран руу гэнэт довтлон оржээ.
Дайсан айсуй тухай их ванд хэн ч хэл дуулгасангүй. Оросууд
боломжийнхоо хэрээр бэхлэлт барьж байсан ч монголчуудыг довтлох
үед дуусгаж амжаагүй байв. Бие биеэсээ зайтай оршдог тосгодод
байрлаж байсан орос цэргүүд түгшүүрийн дохиогоор гарч, жагсаж ч
амжаагүй байхад нь Бурундайн дайчид тэднийг гэнэдүүлэн довтолсон
байна. Орос цэргүүд ганц хоёроороо тулалдаад, тэсэлгүй зугатжээ.
Монголчууд тэднийг 40 орчим км газар хөөж, толгой дараалан хядсан
байна. Жирийн цэргүүдтэйгээ ташаа тулан тулалдсан их ван Юрий,
ван Всеволод, бүх цэргийн воевод Жирослав Михайлович ба бусад
ноёд, жанжнууд алагдсан юм. Их ван чухам хаана алагдсан нь
тодорхойгүй үлджээ. Зарим эх сурвалжид Покровское тосгоны дэргэд
гэдэг бол заримд нь Боженка тосгоны ойролцоох бяцхан арлыг заадаг.
тулалдаад олзлогдсон зоримог ван Васильког түмтийн дарга Бурундай
дайлж цайлж, алба барихыг шаардаж, ийм авхаалжтай залуу хүн
(тэрээр 30 хүрээгүй байв) Монголын хаанд хүчин зүтгэвэл хол явна
гэж ятгасан боловч тэрээр татгалзсан тул амийг нь хороосон байна.
Монголчуудыг дайран өнгөрсний дараа Ростовын хамба Кирилл
тулалдаан болсон газар ирж, Юрий вангийн цогцсыг олж (гагцхүү
толгой нь олдоогүй байна), хотынхоо Успенскийн дуганад аваачжээ.
Харин Василько вангийн цогцсыг Шернскийн ойгоос олж, мөн л
Ростовт авчирсан юм. Түүний бэлэвсэн гэргий, үр хүүхдүүд болон
хотын иргэд вангаа ёслол төгөлдөр оршуулсан байна.