Page 108 - Бат хааны байлдан дагуулал
P. 108
1238 онд татарын цэрэг Суздалийн нутагт цөмрөн орж ирэхэд тэрээр
эцгийн хот Переяславль-Залесскийд ч тэр, нийслэл Владимирт ч тэр
тусламжийн гараа сунгаагүй. Түүнчлэн тэрээр Сить голын орчим
төвлөрч байсан авга ах, их ван Юрий Долгорукийн [зохиогч Юрий
Всеволодовичийг Москва хотыг үндэслэгч амьдаа Юрий
Долгорукийтэй андуурч байх шиг байна — Ч.Ч.] цэрэгтэй нийлэх
оролдлого ч хийгээгүй. Тэр ч байтугай Новгородын унаган эзэмшил
нутаг Торжок хот эцсийн мөч хүртэл залуу вангаас тусламж харж
байгаад түрэмгийлэгчдэд эзлэгдсэн. Ийм хүлцэнгүй байдлыг харсан
Бат ар талдаа дайны сүүдэр тусаагүй Новгородыг үлдээгээд их
цэргийнхээ хамт гэдрэг буцсан нь арга ч үгүй юм»[131].
Үнэхээр л монголчууд байлдан дагууллынхаа туршид замынхаа талаас
хэзээ ч буцаж байгаагүй. Тиймээс монголчуудын довтолгооныг цаг
агаар зогсоов уу, аль эсвэл энэ нь өөр шалтгаантай юу гэдгийг таах л
үлдэнэ. Гэхдээ ганц-нэг таамаглал дэвшүүлье л дээ.
Хэрэв дулааны ам наашилснаас энэ бүхэн үүдэлтэй бол Бат хаан дараа
нь, тухайлбал, хоёрдугаар их аян дайныхаа эхэнд яагаад Новгород руу
дахин хөдөлсөнгүй вэ? толгой бөхийлгөөгүй баян хотыг ар талдаа
орхих нь дайны хуульд харш.
Их эзэн Чингис хааны үеэс чинагш монголчууд сайн дураараа бууж
өгч, алба гувчуур барьсан хотуудыг нурааж сүйтгэдэггүй, ард
иргэдийг нь алж талдаггүй байсан уламжлалтай. Монголчуудад дагаар
орсон Ростов, Углич, Тверь зэрэг хот үнс нурам бололгүй үлдэж
чаджээ. Ийм хотууд «дээрэм тонуулаас зайлсхийх агаад гобалык буюу
сайн хот хэмээгддэг. Эдгээр хотоос монголчууд хүнс, морьдынхоо тоо
толгойг нөхөхөөр агт морьд зэрэг харьцангуй бага татвар авдаг.
Ингэснээр Ижил мөрний дагуух баян хотууд монголчуудтай
найрамдлын хийгээд харилцан үл халдах гэрээ байгуулснаар бүрэн
бүтэн үлдэж чаджээ»[132].
Одоо дээр дэвшүүлсэн асуултаа дахин давтъя. Бат хаан яагаад
давшилтаа зогсоосон төдийгүй, цаашид ч Новгородыг эзэлж авах
оролдлого хийгээгүй юм бол? Невийн Александр Бат хаанд дагаар