Page 37 - demo1
P. 37
Лекц 6
Найруулгын ангилал
Найруулгын алдаа гэдэг бол тухайн эх бичвэрийг уншигч хүлээн авч ойлгоход
ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж, эргэлзээ гайхал төрүүлж, унших явцыг
алдагдуулж, уншигчийн анхаарлыг сарниулж, огт өөр юманд хандуулж буй дотоод
зөрчил бүхий нэг эсвэл хэд, хэдэн үгийг хэлнэ гэж МУИС-ийн багш Ч.Чойсамба
тодорхойлсон байх юм.
Найруулга зүйн шинжлэх ухаан тодорхой хэмжээгээр байршлыг эн тэргүүнд
тавьж судалдаг хэлний салбар ухаан болохыг бид дээр өгүүлсэн билээ. Энэ утгаар нь бид
найруулгын алдаа гэдэг бол хэлний аливаа хэрэглүүрийг тухайн холбоо хам сэдэвт
зохисгүй байрлуулснаас эсвэл эс байрлуулснаас уншигч болон сонсогчид хүртэн
ойлгоход саад бэрхшээл учруулж байгааг хэлнэ гэж тодорхойлмоор байна.
Найруулгын алдаа гэдэг тийм ч амар хялбар алга болчихдоггүй, ялангуяа буруу
ярьж зөв сэтгэдэг хэмээх төдийлөн зөв гэмээргүй хэвшмэл сэтгэлгээнд сурчихсан бидэнд
энэ нь туйлын амь бөхтэй зүйл болоод байгаа юм.
Найруулгын алдаануудыг эрдэмтэд доорх маягаар ангилжээ. 1. Доктор,
профессор Ц.Сүхбаатар багш ерөнхийд нь найруулгын болоод найруулгын бус алдаа гэж
ангилаад: найруулгын бус алдаандаа баримтын алдаа, учирзүйн алдаа, хэлзүйн алдаа,
гоозүйн алдааг оруулсан байна. Харин найруулгын алдаанд үг сонгохтой холбогдсон үг
сонгох, үг илүүдүүлэх, үг дутаах, үгийн өнгө аясыг гажуудуулсан, яруу хэрэглүүр
оновчгүй сонгосон, үг нуршин давтсан алдаануудыг авч үзжээ. Мөн түүнчлэн эрдэмтэн
Ц.Сүхбаатар 2002 онд Хэл Зохиолын Хүрээлэнгээс эрхлэн гаргасан "Хэлний соёлын
тулгамдсан асуудлууд" цуврал сэтгүүлийн анхдугаарт сонин хэвлэлд үгийг буруу
хэрэглэснээс гарч байгаа найруулга зүйн алдааг дараах байдлаар нэмж гаргасан байна.
- Үгийг онож хэрэглээгүй алдаа
- Илүү үг нуршин хэрэглэсэн алдаа
- Учир шалтгааны шаардлагатай үг орхисон алдаа
- Дүрслэх хэрэглүүрийг буруу сонгосон алдаа
- Нэг үндэстэй үгийг давтан хэрэглэсэн алдаа
- Үгийн өнгө аясыг гажуудуулсан алдаа
- Шинэ үг үүсгэж утга гажуудуулж байгаа алдаа
- Үгийг утгазүйн авцалдаагүй хэрэглэж байгаа алдаанууд байна гэж
тодорхойлсон байна. /"Хэлний соёлын тулгамдсан асуудлууд. УБ., 2002. I, 7-25 тал/2.
36 | Хуудас