Page 17 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 17
Бөөрний цусан хангамж: Бөөрөнд шээс үүсэх, ялгаруулах энэ өвөрмөц үүрэг
болон бусад нарийн үйл ажиллагаа нь түүний цусны хэвийн хэмжээнээс ихээхэн
хамааралтай байдаг.
Бөөр нь биеийн жингийн 0.4% хувийг эзэлдэг ч зүрхний агшилтаар нэг
минутад шахагдаж тараагдсан цусны 20-25%-ийг бөөр хүлээн авч минут тутам
1200 мл цус түүдгэнцэрийн бичил шүүлтэнд орж, 600 мл цусны сийвэн шүүгдэж,
түүнээс 120 мл нь капилярын хана, суурин мембранаар шүүн ялгарч, анхны шээс
үүсгэдэг тул цусны эзлэхүүн, найрлагыг хянахад онцгой ач холбогдолтой эрхтний
тоонд ордог.
Цус ихээр алдахад бөөрний судсанд эргэх шунт үүсэж цус холтослог
давхаргад очилгүй тархилаг давхаргаас буцаж урсдаг тул холтослог давхаргад
үхжил болох аюул тулгардаг. Үүнээс гадна цусны эзэлхүүний тогтмол байдал,
цусны ионы найрлагын тогтмол байдал, хүчил шүлтийн тэнцвэр, даралтын
зохицуулга, дотоод шүүрэл, цус төлжүүлэх, бүлэгнүүлэх зэрэг чухал үүрэг
гүйцэтгэдэг [26] .
Бөөрөнд шээс үүсэх механизм: Бөөрөнд шээс үүсэх үйл явц нь шүүгдэх,
буцаж шимэгдэх гэсэн 2 үе шатаар явагдана.
Шүүгдэх шат: Шумлянск-Боумений бүрээсэнд орсон тараагуур судасны
диаметр гарч байгаа тараагуур судасныхаасаа хоёр дахин бүдүүн байна. Энэ нь
судаст түүдгэнцэрийн доторх артерийн даралтыг эрс нэмэгдүүлнэ. Тахир сувгийн
хялгасан судасны даралт 20-40 мм.муб. даралттай тэнцүү байхад судаст
түүдгэнцэр доторх даралт 70-90 мм.муб. даралтад хүрнэ. Энэхүү даралтын
зөрүүгээр судаст түүдгэнцэрээс Шумлянскийн бүрээс рүү цусны шингэн хэсэг
шүүгдэн шилжих нөхцөл бүрдэнэ.
Судаст түүдгэнцрээр урсах цусны дүрст элементүүд, өндөр молекулт
уургуудаас бусад цусанд агуулагдах бүх бодисууд Шумлянскийн бүрээсэнд
шилжин орно. Энэхүү судаст түүдгэнцэрээр урсах цусны сийвэнгийн шүүгдэлт
хялгасан судасны хана, бүрээсний ханаар нэвт явагдаж Шумлянскийн бүрээсэнд
орох бөгөөд энэ шингэнийг анхдагч шээс гэнэ. Анхдагч шээс үүсэх үйлийг цусны
даралт нэмэгдүүлж байдаг боловч сийвэнгийн уургийн онкотик даралт саатуулж
байдаг.
13