Page 19 - Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага, бохирдлын судалгаа
P. 19
Б.Хоролмаа “Буурны дагзны булчирхайн шүүрлийн химийн найрлага,
бохирдлын судалгаа”
Уг шүүрлийг ялгаруулдаг шилний арьсны хөлсний булчирхай цулцанлаг
гуурсан бүтэцтэй, найрлагад нь тестостерон даавар, үнэрт органик нэгдэл
/феромон/ агуулсан байх бөгөөд ингэн дээр суух үед ялгаран гарах шүүрлийн
хэмжээ нэмэгддэг тухай тэмдэглэсэн байдаг /Signh, бусад, 1978, Yagil, 1985,
Charnot, 1964/. Энэхүү феромоны үнэрийг ингэ мэдрэх онцлогтойг дээрх
судлаачид дурьджээ.
Нэг бөхт буурны хүзүүний булчирхайн шүүрлийн андроген дааврын
төвшрүүлэг дөрвөн сараас нэг сар хүртэлх нь нэгээс дөрвөн сарын хоорондох
хэмжээнээс бага байжээ (P < 0.001). Хүзүүний булчирхайн шүүрэл арван сарын
сүүлээс ялгарч эхлэх бөгөөд нэг дүгээр сар хүртэл андроген дааврын идэвхгүй
байгааг тогтоосон байна [52].
Андроген даавар гэдэг нь бэлгийн тестостерон ( T [C19 H28 O2]) дааврын
шинж чанарыг үзүүлдэг нэгдлүүд бөгөөд гол төлөөлөгчид нь андростерон,
андростендион ба тестостерон юм. Андростерон, андростендион нь өчүүхэн
бага хэмжээгээр ялгарах бөгөөд физиологи, биохимийн үйлчлэлээрээ сул,
тестостероноос 6-10 дахин бага идэвхитэй [31].
Нэг бөхт тэмээнд явуулсан судалгаанаас үзэхэд буурны цусны сийвэнгийн
тестостероны төвшрүүлэг дөрөвдүгээр сараас есдүгээр сар буюу халуун сарын
туршид бага байх ба арав болон арван нэгдүгээр сард өсөж эхлэх бөгөөд арван
хоёр, нэг, хоёр дугаар саруудад тогтвортой өсөлт үргэлжилж, дараагийн
саруудад буурдаг. Мөн буурны бэлгийн дур хүсэл тестостерон дааврын
зохицуулга дор явагддагыг тогтоожээ [13, 14].
Мөн буурны цусны сийвэн болон төмсөгний эдэд тестостероны
төвшрүүлэг нийлүүлгийн улирлын хугацаанд нэлээд өсөж, сийвэнгээс төмсөгний
эдэд өндөр хэмжээтэй агуулагдахаас гадна улирлын өөрчлөлт, бэлгийн
бойжилтын байдал болон насны өсөлттэй нягт хамааралтай байгааг судлан
тогтоожээ [16]. Түүнчлэн тестостерон даавар буурны орооны идэвхи болон
орчны температуртай шууд хамааралтайг судалжээ [13]. \
Тестостерон бол байгалийн хамгийн хүчирхэг анаболик даавар мөн
бөгөөд өнчин тархины лютеотропин дааврын зохицуулгын нөлөөгөөр идэвхижих
бөгөөд төмсгөнд байрлах лейдиг эсэд хуримтлагддаг холестерины эфирээс
ялгардаг стероид бүтэцтэй эр бэлгийн даавар юм [56].
19