Page 19 - demo
P. 19
ГЭРЭЛТ ШОНХОР ФИНИСТ
Нэгэн тариачин байжээ. Эхнэр нь нас барж гурван охинтой үлджээ. Өвгөн
хөлсний хүн авч гэр орны ажилдаа туслуулах гэсэн боловч бага охин Марьюшка
нь,
- Эцэг минь, гаднын хүн авч ажиллуулаад юүхэв, гадаа гэр дэх ажлаа би
амжуулаад байна гэжээ.
За тэгээд охин Марьюшка нь гэр орныхоо бүх ажлыг хийх болов гэнэ. Бага
охинд нь чадахгүй хийхгүй юм гэж алга байлаа, сайн ч хийнэ, хурдан ч хийнэ
гэнэ. Ийм ухаантай ажилсаг охин өсөж байгаад эцэг нь баярлан, Марьюшкадаа
их л хайртай байдаг байжээ. Марьюшка бас үзэсгэлэнтэй гоо сайхан охин гэнэ.
Атаархан хорсогч хоёр эгч нь өнгө үзэмж муутай гэнэ, өдөржингөө зүгээр сууж
эрх биеэ янзалж элдэв хувцас өмсдөг гэнэ. Ховдог хоёр эгчид нь ямар ч бошинз
бошинз биш, ямар ч гутал гутал биш, ямар ч алчуур алчуур биш гэнэ. Нэг удаа
эцэг нь зах явах болж охидоосоо,
- Хайртай гурван охин минь, дуртай бэлгээ захиарай гэж гэнэ.
Том дунд хоёр охин нь,
- Алтан утсаар хатгасан алаг том цэцэгтэй алчуур авчирч өгөөрэй гэв.
Харин Марьюшка дув дуугүй зогсоно.
- Охин минь, чамд юу авчрах вэ? гэж эцэг нь дахин асуухад Марьюшка,
- Эцэг минь, та надад гэрэлт шонхор Финистийн ганцхан өд авчирч өгөөч
гэжээ.
Эцэг захаас эргэж ирэв, их дунд охиддоо алчуур авчрав.
Харин өд олсонгүй ажээ.
Дараа нэг удаа эцэг бас л зах явах болж,
- Хайртай охид минь, дуртай юмаа захиарай! гэв. Том дунд хоёр охин нь
баярлан,
- Мөнгөн тахтай хөнгөн сайхан гутал авчирч өгөөрэй! гэж захив.
- Эцэг минь, та надад гэрэлт шонхор Финистийн ганцхан өд авчирч
өгөөрэй! гэж Марьюшка захиж гэнэ. Эцэг өдөржингөө яваад өд олсонгүй,
мөнгөн тахтай хөнгөн гутал л олжээ. Тэгээд өдгүй буцаж ирлээ.
Гурав дахь удаагаа өвгөн зах явахад хоёр том охин нь торгон бошинз захижээ.
Марьюшка дахиад л,
- Эцэг минь, гэрэлт шонхор Финистийн ганц өд авчирч өгөөрэй гэв.