Page 23 - demo
P. 23
- Паах пүүх, оросын үнэр үнэртэж байна! үзэсгэлэнт бүсгүй минь, хэрэг
зориг юунд вэ? гэлээ.
- Эмээ минь, гэрэлт шонхор Финистийг эрж явнаа.
- Ээх, эрлийн зам чинь эндэлтэй дондолтой. За яахав, би чамд тусалъя.
Май, энэ мөнгөн суурьтай алтан ээрүүлийг ав. Ээрүүлийг гартаа авахад л
энгийн биш алтан утас эргэлдэн эргэлдэн цуврах болно.
- Эмээ минь, танд гялайлаа.
- Баярлах гялайхаа сүүлд хэл, одоо захих хэлэх үгийг минь тогтоо. Алтан
ээрүүлийг чинь авъя гэвэл бүү зараарай. Харин гэрэлт шонхор Финисттэй
уулзуулаач гэж гуй. Шулмас эмгэн ингэж зааж өгөв.
Марьюшка Шулмас эмгэнд талархаад цааш явлаа. Ой шуугин исгэрэн, үлээх их
чимээ гарч, ууль шувуу нисэлдэн, хулгана оготно нүхнээсээ гаран Марьюшка
руу дайрав. Гэнэт өмнө нь хөх чоно гүйж яваа харагдав.
- Охин минь, бүү ай, бүү сандар. Нуруун дээр минь суу, эргэж битгий хар
гэж чоно хэллээ гэнэ. Марьюшка чонын нуруун дээр суумагц чоно ч хурдлан
давхилаа. Урд нь өргөн тал өнгөт ногоон нуга, жимсэн эрэг, бал гол харагдана.
өндөр уул үүлэнд тулан сүндэрлэнэ. Марьюшка давхиад л байлаа. Гэнэт өмнө
нь болор цамхаг тулав. Хээлж сийлсэн довжоотой гэнэ, хээ хуартай цонхтой юм
гэнэ. Цонхон дээрээ хатан алсыг ширтэн зогсоно.
- За Марьюшка, буу даа. Энэ хатны зарц бол гэж чоно хэллээ. Марьюшка
баадангаа барьсаар бууж чононд талархаад болор цамхаг руу орж хатанд
мэхийн,
- Алдар нэрийг тань мэдэхгүй юм, өршөө, ажил хийх хүн хатан танд
хэрэггүй биз? гэлээ.
- Утас ээрч, юм нэхэж, оёж хатгах хүнийг аль хэдийнээс би эрсэн билээ гэж
хатан хариулахад Марьюшка,
- Энэ бүх ажлыг би хийж чадна гэв.
- За тэгвэл ор, заасан бүгдийг хий. Ингээд Марьюшка тэр хатны зарц
болжээ. Өдөржин ажилчихаад орой болохоор мөнгөн таваг алтан өндгөө гарган,
- Алтан өндөг мөнгөн тавган дээгүүр өнхөр өнхөр, амраг хонгорыг минь
надтай уулзуул гэж шивнэнэ. Алтан өндөг мөнгөн тавган дээгүүр өнхрөн
бөндөгнөхөд тавган дээр гэрэлт шонхор Финистийнх нь дүр гараад ирнэ.
Хайртыгаа харсан Марьюшка нулимсаа цувруулан,
- Гэрэлт шонхор Финист минь, Финист минь, гэргий чинь чамайг санан
гашуудан уйлж байна... гэнэ.