Page 21 - demo
P. 21
Марьюшка гашуун нулимсаа урсган уйлж цусан мөрийг нулимсаараа угаажээ.
Гэхдээ улам сайхан үзэсгэлэнтэй болов гэнэ. Тэгээд эцэг дээрээ очин,
- Эцэг минь, аашилж битгий хориорой, алсын замд явъя би. Эсэн мэнд
байвал эргэж уулзах биз, Үхэл хэрвээ дайрвал үйл лай тэр биз гэж гуйжээ.
Хайртай охиноо алсад явуулах гэдэг хөгшин эцэгт их л хэцүү байлаа, гэхдээ
явуулжээ.
Марьюшка төмөр гутал гурвыг, төмөр таяг гурвыг, төмөр малгай гурвыг захиалж
хийлгээд гэрэлт шонхор Финистээ эрэхээр алсын замд гарлаа гэнэ. Өндөр уул,
өргөн тал, харлах их ой, харгуй урт замаар яваад л байжээ. Жигүүртэн шувууд
хөгжилдөн жиргэж зүрхийг баясгана, жижигхэн гол горхи сэрүүцүүлэн угаана,
харанхуй ой шөнөдөө унтах гэр болно гэнэ. Хөх чоно, хүрэн баавгай, шар үнэг
цөм Марьюшкатай андлан цугларсан болохоор охинд хэн ч халдан довтолж
чадахгүй байлаа. Марьюшка явсаар явсаар төмөр гутлаа элээжээ, төмөр таягаа
хугалжээ, төмөр малгайгаа сэтэлжээ. Тэгээд нэгэн аглагт гарвал тахиан хөлт
байшин эргэлдэн байна гэнэ. Марьюшка байшинд,
- Байшинхан байшинхан, ар ханаа ой руу ангайх хаалгаа над руу
харуулаач. үүд хаалгаар чинь орж үмх талх идье гэж гэнэ.
Байшин ар ханаа ой руу ангайх хаалгаа Марьюшка руу харууллаа. Охин
байшинд явж орвол тэнд тааз тулсан хамартай, тахир ясан хөлтэй Шулмас
эмгэн хамар амаа тавиур дээр тавиад хананаас хананд хөлөө жийгээд хэвтэж
байв.
Шулмас эмгэн Марьюшкаг үзмэгцээ орилон,
- Паах пөөх, оросын үнэр үнэртэж байна! Сайхан бүсгүй минь, хэрэг зориг
юунд вэ? гэлээ.
- Эмээ минь, гэрэлт шонхор Финистийг эрж явнаа.
- Өө үзэсгэлэнт охин минь, эрлийн зам чинь урт юм байна! Чиний гэрэлт
шонхор зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ бий! Илбэт хатан түүнийг
ногоон хандаар дайлж эхнэр нь болон суусан даа. Гэхдээ би чамд тусална. За
май, энэ мөнгөн таваг алтан өндгийг аваад яв. Зуун уулын цаанатаах зургаан
улсын тэртээх улсад очмогцоо хатных нь зарц бол. Хий гэснийг нь хийчихээд
мөнгөн таваг дээрээ алтан өндгөө өнхрүүлж тогло, өндөг өөрөө өнхрөн
эргэлдэнэ. Хатан зараач гэж гуйвал бүү өг, харин гэрэлт шонхор Финисттэй
уулзуул гэж гуй. Ингэж Шулмас эмгэн зааж өгөв.
Марьюшка Шулмас эмгэнд талархаад цааш явав. Ой мод харанхуйлан зүг чиг
харагдахаа байхад Марьюшка урагш алхахаас айн зогстол өмнөөс нь нэг муур
гарч ирээд,