Page 129 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 129
129 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
өгсөн алчуурыг гарган, хааяа нэг нүүрээ арчиж байхыг Дагдангийн эхнэр хараад: «
Чи үүнийг хаанаас олов. Бодвол бэлэг дотроос хулгай хийсэн биз» гэж загнан.
Үүнд Цэрмаа хулгай хийсэн гэж худал хэлэхэд хэцүү, Чүлтэм өгсөн гэж үнэнийг
хэлэхэд бас зэмлэлтэй учир, дув дуугүй суун, яасан бэрхтэй билээ гэж элдвийг
бодно. Энэ орой гэрийн эзэд ѐслох цагаалахын хамт гаднаас зочид гийчид ирэх нь
тоогүй олон. Тэдний идэх уух, инээлдэх баясалдах нь гэр хагармаар, гагцхүү
Цэрмаа зуухны хажууд хөлрөн сууж, гөлрөн харж шүүрс алдана. Шөнө унтсангүй,
маргаашийн цай хоолыг бэлтгэнэ. Гэрээс зугаацан одох эздийн хэрэглэх зүйлийг
бэлтгэж, гаднаас ирэх гийчийг хүндлэн зочилсоор нэг өдрийг арай гэж өнгөрүүлэвч
үдшийн цаг наргиан даргиан болж архи дарс, хуур хөгжим үргэлжлэхийн дотор
үүний бөөлжисийг асгаж, түүний ор дэрийг зассаар бас нэг шөнө болов. Энэ
мэтийн байдал залгамжлан хэдэн өдөр болоход Цэрмаа хэдийгээр ядарч зүдрэвч,
гунихран суухаас өөр юун. Хааяа нэг удаа хашааны завсраар Чүлтэмтэй ярьж
сэтгэлийг бяцхан хуурна. Энэ мэтээр хоѐр жил өнгөрсний хойно бас нэг цагаан сар
шахаж байхад ямар шалтгааныг мэдэхгүй Дагдангийнх хотод суухыг болив гэж
хөдөө гарахыг бэлтгэн, Дагдангийн эхнэр Цэрмаа мөн хөдөө дагуулан аваачина
гэж байхын үе нэг өдөр Чүлтэм хүрч хэлж: « Одоо чи миний хамт явж аж төр»
гэсэнд Цэрмаа чухам учрыг сайнаар мэдсэнгүй боловч энэ хоѐр үгийг сонсоод,
даруй баярлаж жаал зугаа юмаа боож, Чүлтэмийн гэрт очив. Дагдангийн эхнэр нэг
зандарч хэд хараагаад аргагүй хоцров. Чүлтэмийн гэр хэдий хар болоод цоорхой
боловч, Дагдангийн зургаан ханатай цагаан гэрийн хатавчинд хэвтсэнээс түмэн
хувь жаргалтай болоод, санааны дураар босож суун, хийдгээ хийж, амардаг цагтаа
амран, хуучин амраг Чүлтэмийн хамт амьдран сууж байтал удалгүй цагаан сарын
шинийн нэгэн болов.
Цэрмаа хотод ирснээс аваад эдүгээ хүртэл битүүний орой ийнхүү амгалангаар
унтаж байсан нь ер үгүй бөлгөө. Маргааш өглөө нь эрт босож торго дурдан минж
булга бус боловч өнгөтэй бүтэн хувцсаа өмсөцгөөнө.
ХОЁР ИШИГ
Хаврын наран шарлаад өвөлжөөний дотор бүлээн дулаан. Хотын дунд, хонь ямаа
майлалдаад, хоѐр ишиг зэлийн хажууд мөргөлдөн наадна. Алаг ямааны ишиг нэг
сартай, хоѐул нялх болоод бэсрэг, эвэр нь ургаагүй боловч магнай дээр өчүүхэн
товойжээ.
Алаг ямааны ишиг холоос хурдан хурдан гүйн ирж мөргөн гэдрэг буцна. Саарал
ямааны ишиг дороо шилжин зогсож хүлээнэ. Хэдэнтээ мөргөлдөн сургууль хийгээд
хоѐул эргэж харайлдан хотонд орж тус тусын эхийг эрнэ. Хоѐр ямаа угтан майлж
хүлээн авах бөгөөд хоѐр ишиг сөгдөн хөхөх нь хөөрхөн.
ҮЗЭГДЭЭГҮЙ ЮМ
ЦАХИМ НОМЫН САН