Page 146 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 146
146 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Тэртээ давааны цасанд жирийн үзэгдэх замыг
Хол хэмээн залхуурна уу!
Хаврын цэцэг хэмээх нэгдүгээр өгүүлэл
Олон дуган сүмийн алтан ганжрын гялалзах гэрэл ирэх сүсэгтний зүрхийг нэвт
сацарсаар, сая төрсөн нялхсын тасхийтэл уйлах дуунд хурсан олон сонор мунхран
эзлэгдэж, хүн бүхэн сочино.
Нэг мянга есөн зуун нэг (Бадруулт төрийн 26 дугаар) он, машид арилсны 15 дугаар
жарны үхэр жилийн цагаан сарын арван тавны өглөө Богд хан уулын дорнодоос,
үүрийн туяа цайран тусахад эргэн тойрон олон уулын хяр хянгын цас мөсөн
гилтгэнэхийн дунд бөөн бөөн уур савсан, Халхын бүлээн зүрх энд буй хэмээнэ.
Зүүн хойноос хүйтэн салхи сэр сэр үлээгээд, бүрэг бараг харанхуйн дунд Богдын
хүрээний олон гудамжнаа чив чимээгүй, хатгамал хашааны үүд бүгд түгжээстэй,
эсгий гэрийн өрх бүр бүтээлэгтэй. Удалгүй олон гэрийн хулангаас (яндан) хөх утаа
оргилоод, уур цантай нийлэлдэн, хотын дээгүүр зузаан хар манан бүрхэхийн дунд
хөгшид залуус өглөө босон гарч ирвэл, өөрчилсөн ба шинэдсэн зүйл огтгүй, хэв
хэвээр байна.
Зүүн харцуулын баруун өмнө этгээдэд хэдийнээс байсан нэг хонин хашаатай бор
гэрээс аргалын утаа баагиж, түүний дотор түг түг хийх уурын чимээ холхон
сонсогдоно. Гэтэл мөнхүү гэрээс нэг хүүхэн боодолтой юм тэврэн гарч ирээд,
хулгай хийсэн мэт байдлаар дөрвөн зүг эргэлдэн, хүний хөлийг харж, чимээ
чагнан,баахан зогсоод нэг зэрэг сөхрөн алдаж мөнхүү юмыг нүүртээ ойртуулан
ажиглах мэт болно.
Үзвэл тэр хүүхэн нас хорин дөрөв, тав орчим, царай тэгш боловч өнгө муутай,
хуучин хөх даалимбан дээлийг өмсөөд, нарийхан хүрэн бүсийг бүсэлж, хэдэн үе
дамжиж элэгдсэн төмөр түлхүүр уясан, өрөөсөн үзүүрийг нь хоѐр, гурав мушгин
хавчуулжээ. Хүрэн чичүү (чисчүү) гадартай үстэй лоовуузыг дорогш даран боож,
саях боодолтой юмыг тэврээд, баруун зүгт баахан дургүй янзтай алхална.
Хорооны захад гарахуйяа жихүүн салхи өмнөөс нь үлээж, сармай дээлийн хормойг
нь гэдрэг хийсгэхэд, халцарсан зулбасган дотор нь гэрэл үзэхээс ичингүйрнэ.
Өглөөний жаварт хүүхний хамаг бие нь зарайхын хажуугаар түүний шархадсан
сэтгэл нь басхүү чинэрэн өвдөнө.
Янаглах, хайрлах хэмээгч амьтны шүтэн барилдсан сэтгэлд татагдаж, үе үе гэдрэг
тэмүүлэвч, тогтох амьдрах хэмээгч орчлонгийн гамшигт ташуурт хөөгдөн, аргагүй
урагш хэдэнтээ алхаж, байн байн зогсоно.
Бас цааш явна. Болжмор шувуу үүрээс гарч, хоосон агаарт дураар сүлжин
жиргэлдээд, түүний өмнүүр, хойгуур дагалдан нисэвч жаргал зовлонг тайлбарлаж
үл өгнө. Дэмий л түүний уяран мэлмэрэх сэтгэл өрнөж, амандаа ганцаар шивнэн
урагш явав.
Тэндээс Сэлбэ голын нарийхан гүүрэнд хүрээд, банзан дээр өрөөсөн хөлөө
тавимагц, гэнэт эгүүлэн авч, юм мартсан мэт болон гэдрэг буцаж, нэлээд яваад,
бас зогсон эргэлдэж, ийш тийшээ харан, гайхсан байдлаар дороо сууж, нүдний цан
нулимсыг арчиж, уруу харна. Гэтэл боодолтой юм нь дотроос хөдөлж, нялх
хүүхдийн уйлах дуу гарахад түүнийг зүүн, баруун гар дээрээ ээлжлэн тавьж,
нүүрээ нийлүүлэн аргадаж ядаад, эцэст хөхөө гаргаж хөхүүлэнгээ чичирсэн
ЦАХИМ НОМЫН САН