Page 62 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 62
62 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Цонхны цаагуур нисэгч
Болжмор юутай жаргалтай
Жижигхэн шувуу ч болоосой
Түүнтэй хамт наадах юмсан
Шоронгийн босгыг алхвал
Чөлөөт ертөнцийн талбар
Тэрхүү сайхан талбар дээр
Хэзээ би зогсоно!
Гиюүрсэн миний эрх чөлөөг
Гэгээн засаг минь нигүүлсэх биз
Төрсөн сайхан орондоо
Түүгээр үүгээр явахсан
1932 он
ТОРОН ДОТОР УЙТГАРЛАХУЙ
Орчлон ертөнцийн байдал
Огоот байхгүй орон оо
Уйтгарын манан бүрхсэн
Ондоо янзын орчлон оо
Өөрийн ертөнцөөс гараад
Өөр ертөнцөд очсон шиг
Орчлонт ертөнц бий юу, үгүй юу
Ураг садан үхсэн үү, амьд уу
Харанхуй шөнө төөрсөн шиг
Хад ууланд суусан шиг
Харах үзэх юмгүй
Гансрал гунсралын орон оо
Хүний олон үзэгдэхгүй
Сохор цөл газраа
Хөгжмийн дуу сонсогдохгүй
Дүлий балай орон оо
Жаргал цэнгэл байдаггүй
Зовлон гаслан хагацдаггүй
Баясгалант үг сонсогдохгүй
Балай уйтгарт орон оо
Үзэх харах юмгүй
Үнсэн царайтай хүмүүс
Үг дуугүй гиюүрч
Урт урт санаа алдана
Өдөр шөнийн хорин дөрвөн цагийг
Он жил мэтээр өнгөрүүлнэ
Уйдах унтах өлсөхөөр
Өглөө үдшийг халалцуулна
ЦАХИМ НОМЫН САН