Page 104 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 104
харайлгав. Жаал хүү цуцаж хоцорлоо. Жаал хүүгийн өмнө
харанхуй дотор хүүхдийн өлгийн мөнгөн хонх жингэнэнэ. Жаал
хүү тэр хонхон дуугаар гүйсээр байв.
Жаал хүү сэрвэл байшингийн саравчинд хүний хөлийн чимээ
гарч хаалга нээгдэв. Өвөө, эмээ хоёр нь орж ирэв. Тэр хоёрын
сэтгэл санаа бага зэрэг тайвширчээ. Уулын аманд гаднын хүн
ирсэн учир Орозкул Бекей хоёрын хэрүүл намдсан бололтой.
Орозкул агсан тавьж ядраад унтсан ч байж болох юм. Гадаа хүн
бархиралдах, хараал тавих чимээ тасарчээ.
Шөнө дүл уулын цаанаас саран гарав. Саран уулын хамгийн
өндөр мөсөн оргил дээр зузаан манан дунд таваг дүүжилсэн
адил харагдана. Мөнх цас мөсөнд хучигдсан өндөр өндөр уулс
манан дунд цайлалзаад уулсын хяр муруй зураас адил
сүүмэлзэнэ. Эргэн тойрон бэлийн намхан уулс, байц их хад,
бараан дүнсгэр ой мод харлаад голын усан чулуун дээгүүр
дуутай шуутай хоржигнон урсана.
Цонхоор сарны бүдэгхэн гэгээ ташуу тусаж, хөвүүний нойрт
саад болно. Жаал хүү нүдээ анивчин, эргэн хөрвөн хэвтэнэ.
Цонхныхоо хөшгийг татаач гэж эмгэн эхдээ хэлэх гээд
зүрхэлсэнгүй. Эмээ нь өвгөнтэйгөө муудаад их ууртай байв.
Эмээ нь ор дэрээ засаж хэвтэхдээ
— Тэнэг амьтан! Хүнтэй эвтэй сууж чадахгүй бол ядахдаа
дуугүй байдаг болоосой. Бусдын үгэнд ордог болоосой. Чи
түүний гараас гарч чадахгүй шүү дээ. Чи түүнээс цалин авч
байгаа биш үү! Хэдий бага цөөн ч гэсэн сар болгон хэдэн юм
авна гэдэг аштай юу даа. Цалингүй бол хөгшин зөнөг амьтан чи
ер яах юм бэ?... гэж үглэнэ.
Өвгөн хариу үг дуугарсангүй. Эмгэн ч дуугүй болов. Тэгснээ
гэнэт
— Хэрэв хүнийг цалин мөнгөгүй болгочихвол юу болно. Тэр
хүн хэн ч биш болно шүү дээ гэж чангаар өгүүлэв.
Өвгөн бас л хариу үг хэлсэнгүй.
Жаал хүүгийн нойр эс хүрнэ. Толгой нь өвдөж элдэв юм
бодогдоно. Сургуулиа бодохоос сэтгэл нь өвдөнө. Жаал хүү ганц
ч өдөр хичээл тасалсан нь үгүй. Маргааш Желесай руу
сургуульдаа явж чадахгүй бол яадаг билээ гэж учраа олохгүй
103