Page 110 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 110
хэрэгтэй болжээ. Бас л хуучин найз Орозкул тус болжээ.
Амьдрал гэдэг гайтай. Нэгийг бүтээгээд, одоо л санаа амар
хэвтье гэхэд бас нэг ондоо ажил ундран гарна. Орозкул мэтийн
ийм хүнтэй түнш байхгүй бол тун горьгүй...
— Удахгүй шинэ байшингийн найрт урина даа.
Очиж, сайхан наргиарай! гэж Кокетай Орозкулд ярьж явав.
Цаадах нь шилбэт янжуур сорж их зантайхан алхлах зуур
— Баярлалаа. Дуулгавал очно доо, дуулгахгүй бол өөрөө
гуйж очихгүй дээ. Хэл хүргэвэл хүрээд л очно. Би танайд ямар
анх удаа зочилж байгаа биш дээ. Харин одоо чи орой болтол
хүлээж байгаад харанхуй болохоор явбал дээр биз гэж би бодож
байна. Гол нь сангийн аж ахуйн төвөөр мэдэгдэлгүй өнгөрөх
ёстой юм. Тэгэхгүй бол хэрэв...
— Тэр ч тийм гэж Кокетай хэлсэн боловч дотроо тээнэгэлзэж,
— Үдэш болтол хаа байсан юм. Сэмхэн гараад явчихна биз дээ.
Биднийг шалгах харуул улаан зам дээр арай байхгүй биз дээ?
Харин гай болж цагдаа юм уу, ондоо хүнтэй яг тулгарчихвал...
гэхэд нь Орозкулын толгой өвдөж, дотор хорсох тул муухай
ярвайж
— Харин тийм ээ. Ажил хэргээр зуун жил явсан ч ганц ч нохой
эс тааралдана. Гэтэл зуун жилд ганц удаа мод тээгээд л ороход
баригдчихаж байгаа юм шүү дээ. Юм ер тийм байдаг гэжээ.
Тэр хоёр дуугүй болж тус тусдаа юм бодон явна. Тэр гуалинг
өчигдөр гол дотор тээглүүлж орхисондоо Орозкул харамсан амаа
барьж явжээ. Хэрэв тэгээгүй бол шөнө ачиж эднийг үүрээр цааш
нь харуулдаг байж. Очиж очиж өчигдөр тийм хэрүүл уруул болох
гэж! Энэ явдал хөгшин зөнөг Момунаас л болсон хэрэг. Хэрүүл
гаргаж, захиргаагаа алдах гэнэ ээ! За гайгүй ээ! Чамайг ч зүгээр
өнгөрөөхгүй дээ!
Тэд явсаар голын эрэгт хүрэхэд гурван марал цаад эрэг дээр
ус ууж байжээ. Хүмүүс гэдэг сүүдгэнэж шуугилдсан хачин
амьтад! Тэд ажил төрөл, үг яриандаа болж голын цаад хөвөөнд
зогсож буй марлыг эс анзаарах ажээ.
Гурван марал голын захын улаан бургасан дотор усны шагай
татах нимгэн газар ёроолын цэвэр сайр дээр зогсож байжээ. Тэд
яаралгүй, нэг үе өлийж зогсон, нэг үе бөхийн, ус шимэн ууж байв.
109