Page 25 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 25
Жаал хүү бас л хашаа руугаа дурандав. Дэгдээхийгээ
дагуулсан тахиа, тайрдсанд зоож орхисон сүх, утаа уугьж буй
халуун тогоо, ер юм болгон ер бусын том бөгөөд нэн ч ойрхон
харагдах тул жаал хүү барьж үзэх гэж өөрийн эрхгүй гараа
сарвалзуулж байжээ. Гэтэл гэнэт дурангийн дотор заан адил том
харагдах хүрэн тугал олсон дээр тохоостой угаасан хувцсыг
хэнэггүй зажилж байхыг олж үзээд хөвүүний бие зарсхийгээд
явчихжээ. Тэр тугал санаа амар нүдээ аниад шүлсээ гоожуулан
хивж байх нь үзэгджээ. Эмгэний дан дээлийг ам дүүрэн үмхээд
тийнхүү хивж байхад түүнд тун ч аятайхан байгаа бололтой.
Жаал хүү дурангаа барьсаар үсрэн босож гар занган,
— Ай тэнэг золиг болиоч ээ! Зайл! Дуулж байна уу? Зайлаач!
Аль вэ, Балтек чи цаадхаа зуугаад аваач! гэж нохойдоо тушааж
цөхрөн хашхирав. (Балтек нохой нь юу ч болж буйг эс мэдэн
байшингийн сүүдэрт хэвтэнэ).
Энэхэн үес эмээ эх нь гэрээс гарч ирээд хувцсыг нь тугал
идэж байхыг олж үзээд дуу алдан гар алдалснаа газраас хогийн
том шүүр шүүрэн авч түүнийг элдэн хөөв. Жаал хүү уул дээр
гарснаа харагдахгүйг хичээн дурандсан хэвээр доош суув. Эмгэн
тугалыг хөөсөөр амьсгаадаж хорссондоо аль олхио муу үгээр
хараасаар гэрийн зүг түргэн түргэн алхах нь үзэгдэх ажгуу. Тэр
байдлыг жаал хүү хажууд нь байснаас ч ойрхон харж байв.
Кинонд зарим хүний нүүрийг зориуд томоор харуулдаг шиг жаал
хүү дурангийн дотор эмгэний нүүрийг томоор харж байжээ.
Эмгэний шар нүд уур цухалдаа болж улам онийгоод түмэн
үрчлээт нүүр нь чинэрэн улайжээ. Эмгэний уруул түргэн түргэн
дуугүй хөдөлж, эмсгий хэдэн шүд нь үе үе соёлзох нь киноны дуу
гэнэт тасарсантай адил санагдана. Эмгэний юу гэж харааж зүхэж
байгаа нь холоос эс дуулдах боловч түүний юу гэж зүхэж байгааг
жаал хүү яг чихээрээ дуулсан мэт мэдэж байжээ. Эмгэн тийм
үес, «Чи гайгүй, гэрт нэг орж ирнэ вий. Чамайг дээ! Өвгөн ааваас
чинь айхгүй дээ. Тэр муу ёрын дуран шилээ хол хая гэж би
хэчнээн хэлэв. Тэр муу чөтгөрийн онгоц нь шатаж, живж
балраасай...» гэж хараадгийг хөвүүн үгчлэн мэддэг байжээ.
Хөвүүн уул дээрээ уртаар санаа алдав. Шинэ номын савтай
болсныг хэлэх үү, сургуульд орно гэж бодож байхыг хэлэх үү, тэр
24