Page 39 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 39
ингэж амьд явна? Муу араатан чи намайг алаад аль! Май цохь,
зод!» гэж зэрлэг юм шиг бархирах нь дуулдаж байжээ.
Момун өвгөн байшингийн буланд нугдайж, амьсгаадан сууна.
Зовхи нь буугаад өвдгөө тулсан гар нь салганан чичирнэ. Царай
нь цонхийн цайжээ.
Момун ач хүүгээ орж ирэхэд харсан авч үг дуугарсангүй.
Дахиад л алжаасан мэт зовхио буулгав. Эмэг эх нь гэртээ алга.
Бекей Орозкул хоёрыг эвлэрүүлэх, эвдэрсэн хагарсан сав
суулгыг нь өөд татаж янзлахаар тийш очсон байжээ. Орозкул
Бекей хоёр зодоон нүдээн хийхэд эмэг эх завсардан оролцох нь
үгүй. Өвгөнийг ч хорино. Харин хэрүүл шуугиан дууссаны хойно
очиж аргадан сэтгэлийг нь илбэн засна. Эл учир цаадуулдаа
сайн нэртэй ажээ.
Жаал хүү өвгөн аавыгаа бүхнээс илүү өрөвдөнө. Ийм хэрүүл
гарах өдөр өвгөн арай л амиа тавих нь холгүй болдог билээ. Хэн
хүнээс зайлж байшингийн буланд, таг дуугүй сууна. Юу бодож
санаж суугаагаа ер хэнд ч хэлэхгүй. Гэтэл ийм үед өвгөн, би одоо
өтөллөө. Ганц хүү байсан дайнд үрэгдлээ. Миний хүүг мэдэх хүн
ч алга, дурсах хүн ч алга. Хүү минь байсан бол би ингэж яваа ч
уу, үгүй ч үү... гэж боддог байжээ. Бас олон жил ханилан суусан
нас барсан эхнэрээ дурсана. Хамгийн лайтай юм гэвэл, миний
хоёр охин жаргал үзэх тавилангүй байжээ. Бага охин төрсөн
хүүгээ орхиод хот ороод одоо олон хүүхэдтэй нэг омгор
тасалгаанд зүдэж сууна. Том охин энд Орозкултай суугаад үйлээ
үзэж байгаа нь энэ. Өвгөн эцэг нь дэргэд нь байж, охиныхоо тул
юм бүхнийг хүлцэн тэсвэрлэж явлаа ч гэсэн охинд минь эх хүний
амьдын жаргал алга. Охин минь Орозкултай өдий олон жил
ханилан суулаа. Хамаг амьдралаа бузарлаж орхилоо. Одоо
хаачих юм бэ? Хөгшин намайг үхээд өгөхөөр миний хоёр охин
яаж зовох бол доо? гэж бодно.
Жаал хүү аяга тараг, үмх бин хам хум идээд цонхны хажууд
чив чимээгүй суув. Лаа дэнгээ ч бадраасангүй, өвгөн аавын
сэтгэлийг үймүүлээд яах вэ. Дуугүй суугаад л юмаа бодож байг
гэж боджээ.
Жаал хүү бас өөрийнхөө зиндааны юм бодно. Бекей эгч эр
нөхрөө яагаад архиар эрхлүүлдгийн учрыг эс олно. Нударгыг нь
38