Page 75 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 75
Ингэж бодож явтал ууланд давхиж явсан гурван марал
санаанд нь орж, сэтгэлд нь хачирхан гайхах баяр ургаад иржээ.
— Хүү минь чи мэдэж байна уу? Манай энд марал буга ирсэн
байна шүү дээ гэж Момун ярив. Жаал хүүгийн сэтгэл сэргэж
эргэж хараад
— Нээрэн үү? гэжээ.
— Нээрэн, гурван буга явж байхыг би нүдээрээ үзлээ.
— Хаанаас ирээ юм бол?
— Бодвол давааны араас ирээ биз. Тэнд бас дархан уул
байдаг. Энэ намар зун шиг сайхан байна. Давааны зам хаалтгүй
байгаа биз. Тэгээд л тэд манай энд зочлон ирж байгаа юм даа...
— Тэр буга манай энд байгаад байх бол уу?
— Аятай санагдвал байх л болно. Ер тэгээд тэднийг үргээхгүй
л бол байна шүү дээ. Энд идэх өвс ногоо элбэг, мянган буга
байсан ч идэх юм нь хүрэлцээтэй байна даа. Урьдын цагт Эвэрт
гоо марлыг байхад энд буга гэдэг түг түмээрээ байсан юм гэдэг...
Энэ үгийг дуулаад хөвүүний сэтгэл зугаатай болж, гомдож
тунихаа зогсохыг үзээд өвгөн урьдын цагийн тухай, Эвэрт гоо
марлын тухай мөнөөхөн яриагаа дэлгэв. Яриандаа өөрөө сэтгэл
татагдаж, өөрөө гэнэт сэтгэл амарч жаргаад бусдыг жаргуулах
гэдэг юутай хялбархан бэ! Энэ цаг энэ мөч шиг дандаа ийм
байдаг болоосой. Гэтэл амьдралд бол тийм биш. Хүний сэтгэлд
хүний амьдралд баяр жаргалын хажуугаар гуниг уйтгар, золгүй
явдал үргэлж сүүдэр мэт дагаж явах юм гэж бодов. Одоо өвгөн
ач хүү хоёр хэдий жаргалтай яваа боловч өвгөний сэтгэл энэ
баяр жаргалын хажуугаар бас түгшиж, Орозкул яаж байгаа бол?
Өвгөнийг үгэнд орсонгүй, үг дуулсангүй гэж яаж залхаах хатуу
гүжир санаа бодож суугаа бол? Ийм явдлыг Орозкул зүгээр
хэрхэвч өнгөрөөхгүй хүн. Өнгөрөөх юм бол Орозкул Орозкул биш
болно... гэж бодож явна шүү дээ.
Охины нь хар толгой дээр, өөрийн нь хар толгой дээр ямар
гай зовлон ирэх бол гэж бодохгүй сэн гэхдээ Момун өвгөн ач
хүүдээ марал бугын тухай, түүний эрхэм сайн, үзэсгэлэнт сайн
хурдан амьтан болох тухай ярьж явав. Ингэж яривал зайлшгүй
тохиолдох гай зовлон арилах юм шиг их л итгэл төгс ярьжээ.
74