Page 80 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 80

Жаал хүү өвгөн аавынхаа төлөө учиргүй их гомдож, нулимсаа
                хүнд харуулахгүйн тулд голын тийш гүйжээ. Нүдэнд нь нулимс

                бүрхээд зам харанхуйлж, нэгэн үе алга болж, нэгэн үе тодорч
                байв. Жаал хүү «танк», «чоно», «эмээл», «хэвтээ тэмээ» нэртэй
                хайртай чулууны хажуугаар өнгөрөхдөө юу ч хэлсэнгүй. Бул
                чулуу ямар учрыг ойлгох биш дээ. Харин «хэвтээ тэмээнийхээ»

                бөхийг тэвэрч, шар өнгийн боржин чулуунд хацраа наалдуулаад
                тайтгарамгүй их гомдож мэгшин уйлж гарчээ. Уйлсаар сүүлдээ
                аажмаар дотор нь бага зэрэг уужирчээ.
                     Толгойгоо өргөн нүдээ арчих зуур өмнөө нэгэн гайхамшигт юм

                олж үзэв.
                     Хөвүүний яг тушаа голын цаад хөвөөнд гурван марал зогсож
                байжээ. Жинхэнэ амьд марал. Тэд ус ууж ханасан бололтой.
                Хамгийн том даргар эвэртэй нэг нь дахин тонгойж, ус уухын

                завсар усан дотор эврээ тольдон харж байх шиг санагдав. Хүрэн
                бор зүстэй, ханхар их цээжтэй лужир амьтан ажээ. Ус ууж
                гүйцээд толгойгоо өргөхөд нь үстэй цагаан уруулаас нь усан
                дусалж байлаа. Тэрхүү том эвэртэй амьтан чихээ солбиулан,

                жаал хүүг гайхан харж байв.
                     Гэвч цагаан хэвлийтэй, олон салаа боловч нарийхан эвэртэй
                эм марал жаал хүүг бусдаас илүү анхааралтай харж байжээ.
                Түүний эвэр арай бага боловч нэн ч үзэмж төгөлдөр ажгуу.

                Сайтар ажвал Эвэрт гоо марал эх аргагүй л биеэр мөн. Бүлтгэр
                нүд нь дүүрэн бөгөөд тунгалаг, биеийн галбир нь жилийн жилд
                унагалдаг цүдгэр гүүтэй адил ажээ. Эвэрт гоо марал жаал хүүг
                их л намуун тайван харахыг үзвэл энэ данхар толгойтой, дэлдэн

                жаалыг хаана үзсэн билээ гэж санаж ядаж байх шиг байв.
                Эелдэг сайхан нүд нь их холоос гялтганаад хамрын нүхээр үл
                мэдэг уур савсана. Хажууд нь мухар түжгэр зоргол цааш харж
                зогсоод улаан бургасны мөчир тастаж байв. Бургасны найлзуур

                их л шуналтай зулгаана. Түүнд ер юу ч болж байсан хамаагүй
                мэт ажээ. Тэр лут тарган чанга биетэй, сэргэлэн амьтан байв.
                Зоргол бургасны мөчир зулгааж байтал гэнэт тангаран
                цовхчихдоо эхийгээ мөрөөр шүргэн эрхлэн тойрч давхиснаа

                зогсон түжгэр толгойгоор эхийн өрөөсөн бөөрийг аяархан мөргөж
                байх нь үзэгдэнэ. Эвэрт гоо марал жаал хүүг харсаар байжээ.




                                                             79
   75   76   77   78   79   80   81   82   83   84   85