Page 82 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 82
— За яах вэ! Ирсэн бол ирээ л биз. Одоо тийм юм бодох
завтай хүн алга гэж эмгэн эх нь уцаарлажээ.
Жаалхүү чимээгүйхэн гадаа гарав. Хашаа дотор нэг ч хүн
алга. Харуулын уулын цаагуур, зэргэлдээ баргар уулын цаагуур
наран тонгойж байв. Эзгүй уулын хүйтэн царамд нарны илчгүй
өлбөгөр өтгөн туяа тусна. Тэрхүү хүйтэн туяа намрын дүнсгэр
уулсын оройгоор үл мэдэг гэгээрэх ажээ. Ой модонд үдшийн түүс
болов.
Цас бударч, жаал хүүгийн бие аягүй арзасхийж, дагжин
чичрэв.
VI
Жаал хөвүүн орондоо орж хэвтсэн боловч хамаг бие нь
зарайж ер унтаж чадсангүй. Гадаа хэдийн таг харанхуй болов.
Хөвүүний толгой өвдөвч дуугүй л хэвтээд байж. Түүнд өвчин
хүрснийг хэн ч мэдсэнгүй. Тэд жаал хүүг энэхэн үе цөм мартсан
байжээ.
Бас ч мартахгүй байхын арга үгүй.
Өвгөн аав нь элий балай болсон мэт тогтож сууж чадахгүй
байсхийгээд л гарч орно. Уртаар санаа алдаж шаналан сууна.
Тэгснээ алга болно. Эмгэн эх нь ч мөн өвгөнийг үглэн үглэн
аашилж, өөд сөөрөг гаран орон байжээ. Гадаа хашаа дотор хэн
нэгний тодгүй, тасархай дуун гарч, хурдан хурдан алхах хөлийн
чимээ, хараал тавих нь сонстоно. Орозкул бас л хараал тавьж,
ондоо нэг хүн ухилан уйлж байх шиг.
Жаал хүү чив чимээгүй хэвтэнэ. Тэр энэ үг яриа, хөлийн
чимээнээс, ер гэрт гадаа болсон энэ бүх явдлаас залхжээ.
Жаал хүү нүдээ анин, өөрийнхөө ганцаардал, хүн бүхэнд
мартагдсанаа умартан өдрийн болсон явдал ер нь харж үзэхийг
хүсдэг бүхнийгээ дараалан дурсан бодохыг хүсжээ. Тэр нэгэн их
голын хөвөөнд зогсож байх шиг. Голын ус маш түргэн жирэлзэн
урсах тул толгой эргээд удаан харж болохгүй ажээ. Гэтэл голын
цаана нөгөө гурван марал харагдлаа. Оройн үзсэн гурван марал
биеэрээ, мөн тэр газраа зогсож байв. Өдрийн үзсэн харсан нь
цөм дэс дараалан харагдав. Данхар эвэрт марал тэргүүнээ
өргөхөд нойтон хоншоороос нь усан дусалж байх нь харагдана.
81