Page 77 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 77
нөгөө муу ёрын гуалинг нь очиж гол дотроос татаж гаргах
хэрэгтэй. Гэхдээ Орозкулыг хань татаад яамай. Саяын болсон
явдлыг мартаж орхиод юу хий гэснийг нь хийвэл дээр. Илжгийг,
чи илжиг мөн гэж хэзээ ч итгүүлэх биш» гэж Момун бодов.
Момун жүчээний үүдэнд ирээд сэтгэл тийнхүү түгшиж
байгаагаа ач хүүдээ мэдэгдэхгүйг хичээж
— За хүрээд ирлээ. Буу даа гэж их л алс холоос явж ирсэн
юм шиг хэлэв. Жаал хүү номын саваа барьсаар гэр лүүгээ гүйх
гэхэд нь өвгөн хорьж, — Хүлээж бай. Хоёулаа цуг оръё гэжээ.
Алабаш морио жүчээнд хийж, ач хүүгээ хөтлөөд гэртээ орох
гэж явахдаа
— Хэрэв намайг аашилж загнавал чи битгий айгаарай.
Тэдний элдэв үгийг чагнах хэрэггүй. Тэр чамд падгүй.
Сургуульдаа л явж байвал чиний хэрэг гүйцэх нь тэр гэжээ.
Гэтэл элдэв хэрүүл уруул болсон шинж огт алга. Тэр хоёрыг
орж ирэхэд эмгэн нь Момуныг айхавтар муухай хялайн харсан
боловч үг дуугарсангүй, юмаа оёсоор суув. Өвгөн ч үг
дуугарсангүй. Юу болох бол гэсэн шиг хөмсөг атируулан өрөөний
гол дунд хэсэг зогсож байснаа зуухан дээрээс том аягатай хоол,
халбага, талх шүүрэн авч ач хүүгийн хамт хоолоо идэхээр суув.
Мань хоёр дув дуугүй хоолоо иднэ. Эмгэн тэднийг хүний
урамд эс харна. Түүний үрчгэр бараан царайд уур хорсол
тунажээ. Тун базаахгүй явдал болжээ гэж жаал хүү мэдэв. Харин
өвгөн аав нь таг дуугүй суусаар байв.
Жаал хүүгийн сэтгэл түгшин, аймаар болж, идсэн хоол цааш
орохгүй болов. Хүмүүс хувь хувьдаа элдэв эвгүй сэжигтэй юм
бодоцгоож, таг дуугүй сууж хоол идэхээс муухай юм үгүй.
«Биднээс болсон байж магадгүй биш үү?» гэж жаал хүү
номынхоо саванд өгүүлэв. Номын сав нь цонхны тавиур дээр
байв. Хүүгийн зүрх шалан дээгүүр өнхөрч цонхны тавиур дээр
гараад номын савын хажууд очин аяархан шивгэнэсэн нь: «Чи
юу ч мэдэхгүй байна уу? Өвгөн аав яагаад ийм гунигтай болов?
Өнөөдөр яагаад хожимдож очив? Яагаад Алабаш морио зайдан
унаж очив? Урьд нь тэгж байсан удаа байхгүй. Аль эсвэл модон
дотор марал явахыг харсаар байгаад хожимдов уу? Гэтэл марал
буга огт ирээгүй бол яана? Энэ бүхэн цөм худал бол яана? Эвэрт
76