Page 81 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 81
Жаал хүү чулууны араас сэмхэн босож, зүүдэлж буй мэт хоёр
гараа сарвайсаар голын хөвөөнд тулж очив. Бугууд нэг их
үргэсэн ч үгүй, жаал хүүг голын цаад эрэг дээрээс тайван харж
зогсоно.
Марал жаал хүү хоёрын дундуур уулын тунгалаг, ногоовтор
өнгөт, түргэн урсгалт гол урсаж, чулуутай газраа жирэлзэн
боргилно. Тэр гол байгаагүй сэн бол марал бугад дөхөн очиж
илж болмоор санагдана. Гурван марал голын цаад тэгшхэн сайр
дээр зогсож байжээ. Сайрын цаад захаар намхан бут сөөг
улайран харагдана. Өндөр шавар эргийн дээгүүр хус улиас
модон алтан шар өнгөөр гялалзаад бүр дээшээ их ой залгаж,
тэртээ өндөрт хад байцтай хяр цайран харагдах ажгуу.
Жаал хүү нүдээ аньж дахин харав. Мөн л нөгөө зураг байдал
янзаараа харагдах агаад улайран харагдах бургасны хажууд
нөгөө л үлгэрт гардаг гурван марал зогсож байжээ.
Гурван марал цааш эргэж цувралдсаар сайрыг дамжин мод
руу оржээ. Түрүүнд нь том эвэрт буга хойноос нь түжгэр зоргол
хамгийн сүүлд нь Эвэрт гоо марал дагажээ. Эвэрт гоо марал
жаал хүүг дахин нэг удаа эргэж харжээ. Гурван марал бургасан
дотор шургаж, мөчир найлзуурыг шүргэн шүргэн өнгөрөхөд
марлын тарган зоон дээр улаан өнгийн навчис зулагдан унаж
байв.
Гурван марал нэгэн жим дагаж өгссөөр жалгын цаад дээр
гарч зогсохыг үзвэл жаал хүүг дахин нэг эргэж харах шиг
санагджээ. Хамгийн том буга нь эврээ сэрвээ дээрээ тавьж «Өм-
бүү-ү, өм-бүү-ү» гэж яндан дуугарах мэт урамдах дуу жалгын
дээгүүр, голын дээгүүр «гүү-ү, гүү-ү» гэж цуурайтан хадаж
байжээ.
Жаал хүү сая сэхээ орж, гэрийн зүг танил жимээр хар
хурдаар гүйв. Хашаандаа мөн хар хурдаар давхин ороод үүдээ
түрхийтэл нээж
— Өвөө, марал ирж. Марал. Энд байна! гэж хашхирав.
Гэрийн мухарт уйтгарлан чив чимээгүй сууж байсан өвгөн аав нь
өлийн харсан боловч чухам юу хэлснийг эс ухаарсан юм шиг үг
дуугарсангүй.
80