Page 94 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 94
— Сангийн аж ахуйн жолооч сая нэг юм бүрдэж, дулаацаад
айсан даарсан нь гайгүй болмогц Момун, та нар чинь ингэхэд
яав аа гэж сэмхэн асууж гарлаа. Уг нь тэдний яасан нь илэрхий
байв. Гэвч идэр хөвүүд юу болсноо ярихад өвгөн эмгэн хоёр, «Ай
базарваань!» гэж зэрэг зэрэг дуу алдан гараа элгэндээ нааж
залбирсаар байв.
Эмгэн тэдэнд халуун цай аягалах зуур
— Хүүхэд минь даанч нимгэн хувцастай гарчээ. Ууланд яваа
улс чинь ийм хувцастай явж болдог юм уу? Ай даа, мөн ч балчир
байна. Та нар цөм хотын улсыг дуурайж гоёх дуртай юм аа даа.
Ойд төөрөөд өглөө болгосон бол юу болно? Мөс адил гожийгоод
хөлдчих байсан даа гэж эмгэн тэднийг зэмлэж байв.
— Гэнэт ийм шуурга тавина гэж хэн мэдэх билээ? Уг нь бид
дулаан хувцаслахын хэрэггүй улс. Хэрвээ явдал болох гэхэд
бидний машин дотроосоо дулаацуулдаг юм. Гэртээ байгаа юм
шиг санаа амар суугаад жолоогоо мушгиж байвал барав.
Онгоцоор явбал бүр яана! Тэртээ өндөрт нисэж явахдаа энэ
өндөр өндөр уул чинь нэг бяцхан толгод шиг харагддаг юм.
Онгоцны гадаа дөчин хувийн хүйтэн байхад улс онгоцон дотор
дан цамцтай явдаг юм шүү дээ гэж Кулубек ярьж байв.
Жаал хүү хонины нэхий дэвсээд жолооч нарын хоорондуур
орж Кулубекийн ойролцоо хэвтсэн тул томчуулын энэ яриаг нэгд
нэгэнгүй чагнаж байв. Гэв гэнэт их шуурга тавьж, энэ хэдэн
хөвүүд уулын амын харуулын байрыг арайхийж олж ирсэнд жаал
хүү дотроо маш баяртай байгааг хэн ч үл мэднэ. Энэ цасан
шуурга хэд хоног, ядахдаа гурав хоног битгий намдаасай гэж
жаал хүү дотроо бодож байжээ. Эд манайд байж л байг. Эдэнтэй
байхад сонин сайхан. Өвгөн аав бол эднийг цугийг нь танина.
Өөрснийг нь эс танивч эцэг эхийг нь танина.
Өвгөн аав нь бугын омгийн залуусыг үзээд ач хүүдээ
бардамхан ярьсан нь:
— За чи, бугын удмын ах нараа харав уу! Чи ийм л ах дүүтэй
хүү гэдгээ одоо мэдэх болно доо. Одоогийн залуус юутай сайхан
том том биетэй вэ! Тэнгэрийн өршөөлөөр эрүүл энх явагтун!
Дөчин хоёр оны өвөл Магнитогорийн барилга дээр очиж байсан
тэр цаг санаанд орж байна шүү... гэжээ.
93