Page 104 - Артас Лич хаан
P. 104
түүнд л байдаг, бас зөвхөн намайг л ингэж ширтдэг хэмээн Артас
бодно.
Хэдийгээр олон нийтэд зарлаагүй боловч эцэг эхчүүд нь хоёр залууг
хууль ёсоор нийлүүлэх тухай далдуур ярилцаж тохирцсон гэдгийг
Артас Жэйна хоёул мэдсэн байлаа. Иймээс Артас ард олныхоо хайрыг
улам ихээр татах болж олон нийтийн хүлээн авалтуудад Утер болон
Теренасын өмнөөс Лордароныг төлөөлж илгээгдэх болов. Цаг
хугацаа өнгөрөх тусам Утер өөрийн Ариун Гэрлийн хүчийг
нэмэгдүүлэхээр сүмээс холдохоо больж, Теренас байнга ийш тийш
айлчлах гэж холын төвөгтэй аянд явахгүй болсондоо сэтгэл хангалуун
байв.
“Залуу байхад хэдэн өдрөөр ч хамаагүй морины нуруун дээр аялж,
шөнө нь одтой тэнгэрийг ширтэж унтах сайхан байдаг байж,” хэмээн
тэрээр Артаст хэлээд, “Харин миний насан дээр зугаагаа гаргах гэж
морь унах нь битгий хэл заримдаа хөлөө арай л гэж хөдөлгөх юм,
тэгээд ч цонхоор харахад оддыг хальт харж болж байхад гадаа унтаж
яах билээ.”
Артас ийш тийш явах шинэ үүрэг хариуцлагатай болсондоо таатайхан
инээд алдана. Адмирал Проудмуур, Архимаг Антонидас хоёр залуу
хосын талаар ижилхэн дүгнэлтэд хүрсэн нь тодорхой болов.
Даларанаас Нийслэл Хотод мэдээ хүргэх элч нар ирэх бүрт Хатагтай
Жэйна Проудмуур дагалдан ирэх болов.
“Зун Галын Наадмаар ирээч,” хэмээн Артас түүнийг ширтэнгээ гэнэт
хэлэв. Жэйна хагалчих вий хэмээн нэг гартаа өндөг атгаж, нөгөө
гараар нүүрнийх нь урдуур орсон хэсэг шаргал үсийг хойш нь
чихнийхээ аруур даруулаад, Артас өөд харав.
“Би чадахгүй ээ. Зун бол Далараны оюутнуудад суралцах хамгийн
эрчимтэй үе. Антонидас намайг зуны турш тэнд байж хичээлээ хий
гэсэн.” гээд хоолойд нь харуусал тодров.
“Тэгвэл зун би чам дээр очьё, харин чи Халловийны баяраар ир,” гэж
Артас хэлэв. Охин толгойгоо сэгсрээд, түүн рүү харж инээмсэглэв.