Page 127 - Артас Лич хаан
P. 127
Жэйна хоёр дахийнх нь зугтаахыг хараад, гарынхаа тоосыг гөвөөд
толгой дохив. Түүнээс ганц ч дусал хөлс гараагүй байлаа.
“Ноёдоо, Хатагтай Жэйна Проудмууртай танилц,” хэмээн Артас үгээ
зөөж хэлээд, хүүхэд насны найз бас анхны хайр руугаа алхаж очлоо.
“Кирин Торын тусгай төлөөлөгч, бас энэ цаг үеийн хамгийн авьяаслаг
удганы нэг. Чи ч толиотой хэвээр байх шив.”
Жэйна түүн рүү эргэж хараад, инээмсэглэв. Энэ агшинд тэдний
хооронд ямар ч биеэ барьсан бас бишүүрхэх зүйл байсангүй, зөвхөн
аз жаргал л байлаа. Бүсгүй түүнийг харсандаа, залуу түүнийг
харсандаа маш баяртай байв. Залуугийн дотор баяр бахдалаар дүүрч,
“Чамтай дахиж уулзах сайхан байна.”
Маш цөөн үгээр маш их юм хэлж байна, бас маш албархуу аястай
хэлсэн ч Жэйна бүгдийг ойлгов. Тэр түүнийг үргэлж ойлгодог байсан.
Бүсгүй нүд нь гэрэлтэн түүнд хариу хэлэв, “Чи ч гэсэн сайхан
харагдаж байна, юутай ч намайг эргүүлдэг жаахан хун тайж байсан
тэр цагаас хойш нилээн хугацаа өнгөрчээ.”
“Тиймээ,” гэж залуу хариулахад бараг зэрэг гунигтай төрх царайд нь
тодорч, “Тиймээ, нилээн хугацаа өнгөрч.” Одоо харин тэдний хооронд
жаахан таагүй агшин бий болов, Жэйна доош харж, залуу хоолойгоо
хүчлэн засаад, “За тэгэхээр, замдаа гарах уу даа.”
Бүсгүй толгой дохин, гараа нэг дохиж усан элементалыг алга болгов.
“Ийм чадалтай цэргүүд байхад үүний хэрэг байхгүй боллоо,” гээд
Артасын цэргүүдийг зааж хэлээд, Фалрик болон бусад эрчүүдэд
гайхалтай инээмсэглэлээр бэлэг барив. “Тэгэхээр, Эрхэм Дээдэсээ,
бидний шалгах гэж байгаа энэ тахлын талаар та юу мэдэх вэ?”
“Их зүйл мэдэхгүй ээ,” хэмээн Артас алхаа нийлүүлэн алхангаа
үнэнээ хүлээх мэт хариулав. “Аав намайг чамтай хамтран ажилла
хэмээн явуулсан. Би Утертэй хамт саяхан оркуудтай тулалдсан. Гэхдээ
Далараны шидтэнгүүд энэ тал дээр илүү ихийг олж мэдэхийг хүсч
байгаа. Энэ тахал ид шидтэй ямар нэг байдлаар холбоотой гэж тэд
итгэж байгаа юм байх.”