Page 145 - Артас Лич хаан
P. 145
Аймшигт тахал нүүрлэсэн ч сөхрөлгүй тулалдаж буй одойгийн
шударга бөгөөд шулуун харьцаа хун тайжын инээдийг өөрийн эрхгүй
алдуулж, “Би бол Хун Тайж Артас. Харин та нар?”
Одой хэсэг зуур алмайрснаа, түргэхэн амаа нээж, “Намайг Даргал
гэдэг, танд үйлчлэхэд бэлэн, Эрхэм Дээдэсээ.”
Артас дахин хошигнож ганц ч үг хэлсэнгүй, харин ямар нэг юманд
таагүй байгаа мэт толгойгоо хаялах хүлгийнхээ жолоог залж
тайвшруулахыг хичээв. Түүний хүлэг дайнд зориулан сургасан
шилмэл хүлэг байлаа. Оркуудтай байлдах үед хүлэг нь ямар ч
зовиургүй байсан хэдий ч энэ үхэгсдийн үнэр таалагдахгүй байгаа нь
хамраа тургиж байгаагаас нь илт харагдана. Артас түүнийг зэмлэхийн
аргагүй ч түүний үргэмтгий байдал Ялагдашгүйн юунаас ч айдаггүй
зүрх зориг болоод харьшгүй тэвчээрийг эргэн санахад хүргэнэ.
Ялагдашгүйн тухай бодлыг толгойноосоо зайлуулан, ингэж сатаарч
болохгүй хэмээн бодно. Аль эрт үхсэн адгуусыг санаж гашуудах биш
өөдөөс нь ойртох үхэгсдийн санжиганасан араг яснууд дээр төвлөрөх
хэрэгтэй байлаа.
Жэйна болон түүний цэргүүд ард нь зогсож, их бууны суманд
оногдоогүй, хажуугаас гарч ирэх эсвэл араас ирсэн яснуудыг хэмх
цохино. Артас эцэж цуцашгүй энергээр биеэ дүүргэн хурцлаад
лантуугаа урамтайхан эргүүлнэ. Тэрээр Даргалыг цагаа олж ирсэнд
юу юунаас илүү талархаж байв. Тэнд үл үхэгсдийн тоо маш олноор
нэмэгдэж ирсээр байсан тул цэргүүд нь тэднийг зогсоож чадах эсэхийг
сайн мэдэхгүй байв.
Хүмүүс болон одой нарын хүч хавсарсан жижигхэн арми удаан
боловч хайр найргүй тулалдан урагшилж, эцсийн бай болох агуулах
руу дөхсөөр байлаа. Тэднийг агуулахт ойртох алхам бүрээр үхэгсдийн
эгнээ зузаарч, улам л нэмэгдэж, алсад агуулахын бараа бүртэлзэн
үзэгдэх агшинд улам олон дайсан наашилж буйг олж харав. Залуу хун
тайж хамраа тургилан ундууцах мориноосоо үсрэн бууж, Ариун
Гэрлийн хүчээр гэрэлтсэн лантуугаа далайсаар дайсны өөдөөс орлоо.