Page 152 - Артас Лич хаан
P. 152
тараах бүлгийг явуулсан. Гэхдээ энэ бүхний цаана ганцхан би байгаа
юм биш.”
Артасыг үг хэлж амжихаас ч өмнө Жэйна чанга дуугаар тэсрэх мэт,
“Юу гэсэн үг юм?” гэж бархирав.
“Би үхлийн ноён Мал’Ганист үйлчилдэг. Мал’Ганис энэ нутгийг
цэвэрлэж, мөнхийн харанхуйн диваажинг бий болгох Скоржийн
армийг удирддаг.”
Артас энэ хүний хэлж буй зэвүүн үгэнд нүд нь хорсон халуу оргих ч
нуруугаар нь хүйт дааж байлаа. Тэрээр “үхлийн ноён” гэж юу хэлж
буйг мэдээгүй ч “Скорж” гэж юу хэлснийг тодорхой ойлгов. “Харин
энэ Скорж гэгч юуг цэвэрлэх гээд байгаа юм?”
Некромансер цагаан сахалтай нарийхан уруулаараа хүйтнээр
инээмсэглээд, “Юуг гэнэ ээ, мэдээж амьдралыг. Түүний төлөвлөгөө
аль хэдийн хэрэгжиж эхлэсэн. Чамд илүү баталгаа хэрэгтэй бол
түүнийг Стратголмоос хай, залуу хүү минь.”
Артас тоглоом тохуу хийх бас хийлгэх угаас дургүй тул биеэ барилгүй
архиран лантууныхаа иш рүү гар сунгаад урагш довтлов. “Ариун
Гэрлийн нэрийн өмнөөс!” хэмээн хашгирсаар гүйв.
Кел’Тузад огт хөдөлсөнгүй. Тэрээр байсан газартаа зогсоод эцсийн
мөчид түүний эргэн тойрны агаар мушгиран хуйларч, дараа нь
сарнихад тэрээр алга болсон байлаа. Харин хажууд нь чимээгүй
зогссон хоёр амьтан Артасын гарнаас зуурч газар унагахаар доош
татна. Тэднээс ханхлах өмхий үнэр угиар, утаатай хослон залууг
огиулах шахаж байв. Артас лантуугаа гартаа чөлөөтэй эргүүлэн
нэгнийх нь толгойд буулгав. Гавал нь бут үсрээд шалан дээр хаясан
шилэн аяга мэт тал тал тийш цацагдав. Хоёрдахыг нь ч бас ядах юмгүй
үгүй хийв.
“Тарианы агуулах!” хэмээн хашгираад, морь руугаа гүйн, үсэрч
мордоод, “Урагшаа!” командлав.