Page 158 - Артас Лич хаан
P. 158
Жэйна ганц хазам бяслаг идсэнээ санаж, “Үгүй,” хэмээн хэлээд,
“гэхдээ… Артас, би чамд санаа зовоод байна. Чамд нөлөөлөөд байгаа
юм надад таалагдахгүй байна. ”
“Надад нөлөөлөөд байгаа юм гэнэ ээ?” хэмээн тэр ширүүнээр
асуугаад, “Тосгодыг, тариачдыг үгүй хийж байгаа зүйлийг яах болж
байна? Тэд үхэж байна, үхээд явдаг цогцос болж байна, Жэйна. Би
үүнийг зогсоох хэрэгтэй, Би зогсоох болно!”
“Мэдээж бид зогсооно, би чадах бүхнээрээ чамд туслана; чи мэдэж
байгаа. Гэхдээ… би чамайг ямар нэг юмыг ингэж үзэн ядаж байхыг
урьд нь хараагүй.”
Тэрээр инээд алдаж, ширүүн, хатуу, зандрангуй хоолойгоор, “Чи
тэгээд намайг некромансеруудыг хайрла гэх гээд байна уу?” хэмээн
ёгтлов.
Жэйна хөмсгөө өргөж, “Артас, миний үгийг битгий тэгж мушгилдаа.
Чи бол Паладин. Ариун Гэрлийн дагалдагч. Чи дайчин байхаас илүү
анагаагч байх үүрэгтэй, гэтэл би чамаас одоо зөвхөн дайснаа хиар
цохих гэсэн ганцхан хүслийг л харж байна.”
“Чи яг Утер шиг ярьж эхэллээ.” хэмээн Артасыг хариулахад,
Жэйна юу ч хэлсэнгүй. Тэрээр ихэд ядарсан тул олон юм бодох тэнхэл
байсангүй. Жэйна бяслагнаас дахин нэг хазаад биед нь гарцаагүй
хэрэгцээтэй байгаа шим тэжээлийг шингээхээр бяслагаа хэлэн дороо
даруулав. Яагаад ч юм, түүнд зажилснаа залгихад амаргүй байлаа.
“Жэйна… би зүгээр л гэмгүй хүмүүс үхэхийг зогсоомоор байна.
Тэгээд л болоо. Бас… би ингэж чадахгүй байгаадаа сэтгэл бухимдаад
байгаа нь үнэн. Гэсэн ч энэ бүхэн дуусвал чи харна аа. Бүх юм дахин
сайхан болно. Би амлая.”
Тэрээр түүн рүү харж инээмсэглэхэд Жэйна өөрийн мэдэх урьдын
царайлаг Артасыг дахин харлаа. Жэйна түүний хэлснийг батлах мэт
хариу инээмсэглэлээ.