Page 167 - Артас Лич хаан
P. 167
“Хатагтай Проудмуур, таныг болгоовол,” хэмээн Утер аяархан хэлээд,
“Тэр ганцаараа түрүүлээд жаахан явсан нь дээр байх. Хэрэв хэрэгтэй
гэвэл та түүнийг дага, гэхдээ түүнд бодох жаахан хугацаа өгөөрэй.”
Түүний юу хэлж буй нь ойлгомжтой байлаа. Жэйнад өвгөн паладины
үг таалагдаагүй ч тэр түүнтэй санал нэгдэв. Артас зүгээр л
цөхөрчихөөд байгаа. Түүний уур нь хүрч, дайснаа дарж чадахгүй
байгаадаа өөртөө бухимдаж байгаа болохоор түүнтэй одоо хэл амаа
ололцох амаргүй. Яг энэ шалтгаанаар энэ мөчид тэрээр Артасын
дэргэд байх ёстой хэмээн ганцааранг нь орхиж чадсангүй.
“Ойлголоо,” хэмээн Жэйна хэлээд, мориндоо мордож, амандаа
шившлэг бувтнав. Түүнийг хориод нэмэргүй нь хэмээн өөдөөс нь
инээд алдаж буй Утерыг хараад Жэйна, “Би түүний араас явлаа.
Цэргүүдээ бэлэн болмогц та араас ирээрэй.” гэв.
Тэрээр Артасыг хэт ойроос дагаж болохгүй. Жэйна үл үзэгдэгч болж,
бодолд дарагдан морио гуядан хатируулах Лордароны гэрэлт хун
тайжын араас дагав.
Хүссэнээр нь хурдан явахгүй байсанд бас Ялагдашгүй биш болохоор
уурсаж морио байдгаар өшигчиж бас цаг алдаагүй бол болж буй үйл
явдлыг даамжируулахгүй байсан байх хэмээн хагартлаа уурсаж явав.
Энэ бодол үнэхээр урамыг нь хугалж байлаа. Харь ертөнцөөс ирж
нутаг орныг эзлэх гэсэн цусанд улангассан зэрлэг оркуудыг эцэг нь
цагтаа нухчин дарж чадсан. Гэсэн ч тэр одоо Артаст хүүхдийн
тоглоом мэт санагдав. Эцэг нь болон Холбоотны улсууд энэ гамшигт
тахалтай нүүр тулсан бол хэрхэн аргалах байсан бол-- зүгээр ч нэг
тахал биш ээ, анд нөхөд, гэр бүлийнхээ эсрэг зэвсэглэн босох толгой
нь эргэсэн утсан хүүхэлдэй мэт үхдлүүдийн эсрэг тэд хэрхэн тэмцэх
байсан бол? Теренас илүүг хийж чадах байсан болов уу? Тэрээр
гэмгүй ард олноо аврахын тулд Теренас энэ бүхнийг цаг алдалгүй
зогсоож чадах байсан хэмээн хэсэг зуур бодсноо, дараагийн агшинд
“үгүй ээ”, хэн ч үүнийг зогсоож чадахгүй байх байсан хэмээн сэтгэл
хоёрдон бодлогоширч явлаа. Теренас ч гэсэн энэ айдастай нүүр тулсан
бол над шиг л арга мухардах байсан.