Page 171 - Артас Лич хаан
P. 171
Уур бухимдал нь түүнийг орхих мэт болж, залуу гараа сунган төмөр
бээлийтэй гараар бүсгүйн хуруунуудыг зөөлөн атгав. “Би чамтай
ингэж ярихгүй хэрэггүй байж, намайг уучлаарай. Чамайг энд байгаад
би баяртай байна. Би чамтай хамт байгаадаа баяртай байна.” гээд
бөхийж гарыг нь үнсэв. Бүсгүйн хацар улайж, хөмсгөө атиралдуулан
өөдөөс нь харав.
“Хонгор Артас минь,” хэмээн тэр зөөлөн хэлэв. Залуу бүсгүйн гарыг
атгаад аяархан тавьлаа.
Тэд дахин их юм ярилгүйгээр ширүүхэн давхиж нар хэвийх үед
буудаллахаар буув. Тэд ан хийж шинэхэн мах идье гэсэн ч хоёул ихэд
ядарсан тул ердөө л жаахан хатсан мах, алим, талхаар өөрсдийгөө
болгов. Артас гартаа барьсан бүтэн талх руу харж, Андорхалын биш
нутгийн тарианы буудайн гурилаар ордоны гал тогоонд барьсан талх
шүү гэж бодно. Ямар тэжээллэг, амтлаг, чихэр биш исгэгч үнэртсэн
сайхан талх вэ. Хэн ч, хаана ч айдасгүйгээр идэж болох энгийн, өдөр
тутмын хүнс.
Гэнэт хоолойд нь нэг юм тээглэх шиг болж, талхаа газар тавиад дахин
хазаж чадалгүйгээр гараар толгойгоо тулав. Хэсэг зуур тэрээр цөхөрч,
юу ч хийж чадахгүйдээ гансрах мэт тусгүй бодолд автав. Өөрийгөө
тайвшруулах гэж тэмцэж байхад хажууд нь Жэйна ирж өвдөглөн
суугаад мөрөн дээр нь толгойгоо тавьлаа. Жэйна юу ч хэлсэнгүй;
хэлэх ч хэрэггүй байлаа, зүгээр л түүний хажууд байгаа нь залууг
тайвшруулж байв. Залуу гүнзгий санаа алдаад бүсгүй рүү харж гарыг
нь барив.
Бүсгүй ч хариуд нь гарыг нь барьж, удаан бөгөөд зөөлөн үнсээд
өөрийгөө үнсүүлж, санаагаа амраая гэх мэт энхрийхэн харцаар харна.
Артас торгомсог алтан шаргал үсийг нь илж, толгойг нь биедээ нааж
бүсгүйн үнэрээр амьсгална. Тэр шөнийн турш тэд бие биенээ нэг
нэгэндээ тушааж, үхэл, айдас хүйдэс, тахалтай тариа мөн зөнч бас зөв
буруу сонголтуудыг умартаж, зөвхөн хоёр биенээ багтаах ертөнцөд
жаргаж хонолоо.