Page 183 - Артас Лич хаан
P. 183
“Би тэгэхийг зөвшөөрөхгүй ээ, Мал’Ганис!” хэмээн Артас хашгирав.
Зүрх нь уур хилэн болоод хийж буй зүйлээ гарцаагүй зөв гэх итгэлээр
булгилсан Артас, “Энэ хүмүүс үхдэл болж чамд үйлчилсэн дор бол
амьддаа миний гарт хороогдсон нь дээр!” гэж бархирав.
Мал’Ганисын хоолой улам чангаар инээд алдаад, анх гарч ирсэн шигээ
гэнэт арилав. Артас өөр рүү нь довтлох бөөн үхэгсэдтэй тулалдаад
түүний ёжтой инээдийг анзаарах ч сөхөөгүй болов.
Энэ хотын амьд болоод үхсэн хүмүүсийг нэг бүрчлэн хороохын тулд
хэр их хугацаа орохыг Артас хэлж мэдэхгүй байлаа. Гэсэн ч энэ бүхэн
дуусав, их яргалал арай гэж өндөрлөв. Цус нөжинд хучигдсан гудамж,
хүүрэн овоолго дундаас гараа сэгсэрсээр гарч ирээд хамаг бие нь
чичигнэв. Талхны цехийг галдан шатаасан ч хордсон талхны чихэрлэг
үнэр агаарт цус нөж, хар утаатай зэрэгцэн содон үнэртсээр байлаа.
Гялалзсан сайхан хуяг дуулга нь цус, шороо хоёр бүрэн хучигджээ.
Тэрээр гарч ирнэ гэж бодсон зүйлээ хүлээж байлаа. Яг түүний
бодсончлон, хэсэгхэн хоромын дараа заналт дайсан нь гарч ирж,
агаараас зөөлөн доошилсоор шатаагүй үлдсэн цөөхөн байшингийн
нэгний дээвэр дээр буув.
Артас тэр амьтаны нүсэр том биеийг хараад алмайран өөд ширтэнэ.
Тэрээр чулуу шигтгэсэн хүндэтгэлийн хөшөө мэт хөх-саарал арьстай
аж. Халзан гавлынх оройгоос хоёр эвэр урагш бас дээш цоройж,
нуруунаас нь амьд сүүдэр мэт сарьсан багваахайн хоёр том далавч
сунаж, дэвж байв. Гадуур нь янз бүрийн айдас төрүүлэм яс, гавлын
зураг бүхий өргөстөй металл гадаргуутай хамгаалалтыг өвдөг болон
шилбэндээ хйисэн байх ба тавхай нь туурайгаар төгсөж байгаа
харагдана. Артас хурц ногоон нүдээ онийлгож тэр амьтаны омог
ихтэйгээр дооглонгуй инээд алдахыг харав.
Айдас жихүүдэс хослон, нүдэндээ итгэж ядан дээвэр дээрх амьтан руу
ширтэнэ. Тэр урьд нь үлгэр домог их сонсож, гэрийнхээ болон
Далараны номын санд хуучны номнуудаас янз бүрийн мангасуудын
зургыг харж байсан. Гэсэн ч өөрийнх нь өмнө сүндэрлэх адгуусан
төрхтэй ийм мангас байдаг гэж төсөөлөө ч үгүй аж. Аварга мангасын