Page 188 - Артас Лич хаан
P. 188
дооглодог байснаа бодож цагаа олоогүй мэт гэмшин улайж зогсоно.
Түүнийг дооглох ч амархан байж дээ. Гэтэл тэвчишгүй энэ яргалал
эхлэх тэр өдөр буюу ердөө гуравхан өдрийн өмнө Утер тэр хоёр
хамтдаа Артасыг эсэргүүцэн зогссон.
“Чи намайг хэзээ ч үгүйсгэхгүй гэж амласан, Жэйна,” гэсэн Артасын
буруутгасан хоолой хурц мэс мэт зүрхийг нь зүссэн. “Гэтэл надад
чиний дэмжлэг хамгаас их хэрэгтэй болох үед чи надаас нүүр
бурууллаа.” гэхэд хариуд нь юу хэлснээ эргэн санавал,
“Би-- чамаас-- Артас, бид юуг ч хангалттай мэдэхгүй байгаа-- ”
“Гэтэл одоо чи надад туслахаас татгалзаж байна. Би Нортренд руу явна
аа, Жэйна. Би чамтай хамт явмаар байна. Энэ бузар үйлийг таслан
зогсооход надад тусла. Чи явахгүй юу?”
Жэйна давхийтэл чичрэв. Утер анзаарсан боловч юу ч хэлсэнгүй.
Хотыг түймэрдэх чөтгөрийн халуун галыг үл хайхран иж бүрэн
мөнгөлөг дуулгаар хуягласан Утер яг Жэйнаг чиглэн давхиж ирлээ.
Түүний байгаа байдал Жэйнад одоо сүрдэхээс илүүтэй хүч чадал,
чанд хатуу байдлыг бэлэгдэх мэт харагдана. Утер түүнийг тэвэрсэнгүй
харин тайвшруулж, урам хайрлах аясаар гарнаас нь чангаад атгаад,
“Би чамайг эндээс олно гэж мэдсэн юм. Тэр хаашаа явсан бэ, охин
минь? Артас хөлөг онгоцуудыг хаашаа авч явав?”
Жэйна нүдээ онийлгон, “Хөлөг онгоцууд аа?”
Утер тийм гэх мэт толгой дохиод, хүржигнүүлэн, “Тэр Лордароны
бүхэл бүтэн усан флотыг удирдаж, бүгдийг авч явсан байна. Аавдаа
ердөө маш товчхон хэл хүргүүлсэн байна. Усан онгоцнууд
захирагчдаасаа шууд тушаал авалгүйгээр яагаад түүний үгэнд орж
явсныг бид мэдэхгүй байна.”
Жэйна үл ялиг боловч гунигтай инээмсэглээд, “Яагаад гэвэл тэр хун
тайж. Тэр бол Артас. Цэргүүд нь түүнд хайртай. Тэд магадгүй энэ
талаар… мэдээгүй байх.”