Page 19 - Артас Лич хаан
P. 19
залгах хун тайж. Гэтэл Варайан одоо эцгээ алдсан, бүхнээ алдсан,
угсаа залгах хааны сэнтий эзгүйрэх үед байр сууриа эзлэнэ хэмээн
өөрт нь зориулан хаан ширээнээ залах ёслолыг бэлэгдсэн ёслолын
аялгууг бодохоор хоолойд нь бөөн хар юм тээглэх шиг болов.
Ариун Гэрэл минь, тэр өдөр удаан, урт удаан хугацааны дараа л
болоосой.
Магадгүй хүүгийнхээ тун ноцтой ширтэж байгааг мэдэрсэн ч юм уу,
хаан Теренас аварга хаалга өөд харц шилжүүлэв. Хүүгээ харсан
түүний нүднээс ганц хором гэрэл цацрах мэт болоод өргөдөл өгүүлж
буй хүн рүү эргэж анхаарал хандуулав.
Артас хоолойгоо засан, урагш алхаж, “Саад болсонд өршөөгөөрэй.
Аав аа, тэд ирж байна. Би өөрөө харсан! Тэд цагийн дотор ирчих
байх.”
Теренас тайвширсан мэт “тэд” гэж хэнийг хэлж байгааг мэдэх
болохоор толгой дохиод, “Гялайлаа, миний хүү.” хэмээлээ.
Хурсан олон бие биенээ ажиглан, ихэнх нь “тэд” гэж хэнийг хэлж
байгааг мэдэж байгаа болохоор хүлээн авалт өндөрлөж байна хэмээн
хөдөлгөөнд оров. Теренас гараа өргөөд, “Хэрэггүй ээ. Цаг агаар
тогтуун, зам сайн байгаа тул тэд ирэх цагтаа ирж амжина. Тэр болтол
цаг алдаад яахав, ярилцлагаа үргэлжлүүлцгээе.” гээд уйтгартайгаар
инээмсэглэв. “Тэднийг ирэхээр бидэнд дахин ингэж цугларах зав
гарахгүй байх. Тэр болтол ахиухан ажил хэрэг ярилцаж амжих
хэрэгтэй.”
Артас эцэг рүүгээ бахархалтайгаар харав. Ийм л учраас ард олон
Теренасыг ихээр хүндлэж хайрладаг байлаа. Эзэн хаан ямар ч чухал
ажилтай байсан жирийн ардын дунд хүүгийнхээ томоогүй үйл хэрэгт
хараа чиглүүлэхгүй байна гэж үгүй. Теренас өөрийн удирддаг ард
олноо маш их хайрлаж хамгаалдаг, энэ нь хүүд нь хүртэл алгуур
мэдрэгдсээр бас шингэсээр байгаа.
“Аав аа, би тэдний өмнөөс давхиж очоод, тосч авч болох уу?”