Page 196 - Артас Лич хаан
P. 196
“Бараг л. Зөвхөн хэдэн онгоц л дутуу--” гэж ахмадыг хариулахад,
“Сайн байна. Бид нэн түрүүн тохирсон хамгаалалттай хуаран
байгуулах хэрэгтэй. Энэ харанхуйд биднийг юу хүлээж байгааг таахын
аргагүй.” гэж ахмадын амыг таглаад, явж тушаалаа гүйцэтгэ гэх мэт
ширүүн бөгөөд хүйтэндүү хараад харцаа өөр зүг чиглүүлэв. Артас
тушаахын хажуугаар өөрөө ч гар бие оролцон цэргүүддээ туслаж,
хориглолтоо босголцов. Нөмрөн авах харанхуй болоод хүйтэн салхинд
гал асаах гэж мунгинахдаа тэрээр Жэйнагийн галт шившлэг байсан
бол ямар амар вэ хэмээн түүнийг санагалзана. Хараал идмэр, тэр
Жэйнаг санаж байлаа. Гэсэн ч Жэйна нэг зүйлийг гүйцэд ухаарахгүй
байгаа. Жэйна түүнийг хамгийн хэрэгтэй үед нь орхиж явсан, тэрээр
тийм хүмүүсийг зүрхэндээ тээж болохгүй. Зүрх сэтгэл минь уян
зөөлөн биш хатуу чанга бөгөөд шаналсан биш зорьмог байх ёстой.
Хэрэв Мал’Ганисыг ялья гэвэл сул дорой байх эрх ч түүнд байх ёсгүй.
Энэ хахир хүйтэн, харанхуй газар зөөлөн дулаан энхрийлэлд
тохирохгүй ээ, тийм зүйл бодохийн ч хэрэггүй.
Тэр шөнөдөө ямар ч аюул заналхийлэл таарсангүй, нам тайван
өнгөрөв. Артас майхандаа бараг үүрийн гэгээ цайтал бодол болон
хэвтэж, тэрээр юуг бурууг хийв бас дахин алдаа гаргахгүй байх талаар
бүхнийг тунгааж нойр хулжив. Арай гэж унтсан боловч тэрээр зүүд
зүүдлэв, түүний зүүд нь нэг бол маш сайхан эсвэл хар дарсан зүүд
байх аж. Тэрээр дахин бага залуу насандаа очсон байх ба эргэн тойрны
бүх юм хуучных шиг сайхан бас тэрээр өөрийн хайрлаж дассан яруу
сайхан, цагаан зогдорт хүлэгээ хөлөглөн давхина. Тэд эрийн эр,
хүлгийн хүлгийн болж дахин төгсөрсөн хос болсон мэт хурд мэдэн
давхиулж, юу ч тэднийг зогсоошгүй мэтээр зүүдэнд нь орно. Зүүдэлж
байгаа хэдий ч тэрээр Ялагдашгүйн үхлийн өмнөх аймшигт
харайлтыг хийлгэхээр ташуурдаж буй өөрийнх нь онгод орсон дүр
зураг бас давхар харагдана. Зүрх зүссэн хүйтэн бөгөөд аймшигт
мэдрэмж зүүдэнд ч хүртэл түүнийг орхихгүй байгааг тэрээр дахин
дахин мэдэрч, зүрхээ сэглүүлнэ. Зүүд үргэлжилсээр, илдээ далайсаар
тэрээр хамгийн хайрт дотны, хүлэгээ зүрхээр нь нэвт хатгахыг дахин
харлаа.