Page 204 - Артас Лич хаан
P. 204
Өдөр хоног өнгөрсөөр. Мурадин Артас хоёр тэмдэглэлээ гаргаж
ирээд, хайгуул хийсэн болоод хийгээгүй газруудаа харьцуулан харна.
Тэд одоо давхар даалгавартай болсон --Мал’Ганис мөн Шившлэгт
Илд. Эцэстээ тэд Нортрендын газрын гүн рүү орж, усан флотоо умард
хязгаарт байрлуулан, шинэ бааз байгуулах нь хамгийн ухаалаг алхам
гэж шийдээд хойд зүг нүүдэллэв. Тэд замдаа зөвхөн үл үхэгсэдтэй
тулгарсангүй, өлөн сувдагаараа гайхагддаг умардын чонон сүрэг,
хагас чоно, хагас хүн дүрстэй этгээд амьтадтай тулалдаж мөн
Странглторнын ойд байдаг ногоон арьст тролл шиг боловч илүү
өлчир, чийрэг биетэй мөсны троллууд хахир хүйтэн энэ нутгыг
өөрийн орон гэрээ болгон өмчилсөн мэт харамлан тулалдаж байгаатай
ч таарав. Одой нарын нийслэл Айронфоржийн ойролцоо саяын
өгүүлсэн “мөсөн троллууд” тай ойрын төрөл болох жаахан биетэй
троллууд ойд отолт хийдэг байсан тул Мурадин эдгээр амьтдыг хараад
залуу хун тайж шиг гайхаж цочирдохгүй байлаа.
Удалгүй Артас үхэгсэд энд бааз байгуулсаныг олж мэдэв. Тэдний
баазад хар энерги эргэлдүүлсэн этгээд, зиггурат-маягийн байгууламж
байх ба энэ нь эрт дээр цагт мөхсөн нэгэн төрөлтөнд харьяалагддаг
байсан байна. Тэгэхээр явдаг үхдлүүдийг хөнөөгөөд зогсохгүй
тэдний орогнож буй баазыг хүртэл үгүй хийх хэрэгтэй болов. Гэсэн ч
өдөр хоног өнгөрөх тусам Артас өөрийн зорилгоос улам л холдож
буй мэт санагдана. Энд тэндгүй л Мал’Ганисын хийсэн бузар үйлийн
ул мөр байх боловч дредлордоос өөрөөс нь ямар ч ул мөр алга.
Мурадины Фростмурныг олох гэсэн даалгавар ч бүтэлгүйтэх тийшээ
хандаж эхлэв. Эртний болон одоогийн олон янзын олдворууд таарах ч,
тэдний хайгуул нарийсах тусам тэдэнд олдож буй зүйлээс харвал
шившлэгт илд ердөө л домог төдий байсан нь батлагдах мэт болж
байв.
Бүх юм өөрчлөгдсөн тэр өдөр, бүтэн өдрийн үр бүтээлгүй
хайгуулын дараа өлсөж, ядарч, даарсан залуу ааш муутайхан түр
зуурын аяны бааздаа эргэж ирлээ. Бухимдалдаа төөрөлдсөн тэрээр
бааз дээр юу болсныг тэр даруй ухаарсангүй.