Page 217 - Артас Лич хаан
P. 217
“Илдийг хамгаалах гэж хичээсээр л байна уу, чи?” хэмээн Артас
архираад, ууртайгаар түүн рүү харц чулуудав.
“Үгүй ээ.” хэмээн нөгөөх амьтан хүржигнэсэн хоолойгоор, “Чамайг
илднээс хамгаалах гэж байна.” гэхэд,
Артас хэсэг зуур гайхсан мэт зогьтусаад, толгойгоо сэгсрэн, шийдсэн
гэдгээ илтгэж нүдээ онийлгов. Энэ бол ердөө л заль. Тэр ухрана гэж
байхгүй ээ, тэр Фростмурнаас хэзээ ч холдож чадахгүй --тэгвэл тэр
хүн ардаасаа урвасан болно. Тэр энэ мэтийн жижиг залинд
хууртахгүй. Тэрээр дуу алдан дайрч, араас нь цэргүүд нь ч дагав.
Мөсөн големууд тэдэн дээр ар араасаа овоорон ирж, зэвсэггүй, гаргүй
мөртлөө үл ойлгогдох байдлаар тэдэн рүү довтлов, харин Артас
Фростмурныг хамгаалж буй тэдний толгойлогч руу дайрахаар харцаа
үл салгана. Тэрээр бүхий л итгэл найдвар, сэтгэл түгшил, айдас мөн
бухимдлаа хуримтлуулж уур хилэн болгож илдийг хамгаалж буй голем
дээр гаргаж лантуугаа буулгав. Цэргүүд нь ч бас түүнийг дуурайж,
бусад элементалуудад ширүүхэн хариу барив. Хоолойноос нь уур
хилэнгийн уухай түрэхтэй зэрэгцэн лантуу нь нэг бууж, нэг дээшилж
дайсны төмөр хуягыг цуулж, мөсөн биеийг бутраана. Энэ муу амьтан
яаж Фростмурн бид хоёрын хооронд хөндөлсөж чадаж байна аа? Яаж
--?
Амь тавьж буй хүний хоолойноос гардаг шиг шаналсан хоолойгоор
амь тэмцэн үхлийн эцсийн дуугаа тавиад элементал бутран унаж, сүнс
нь хийсэн одов.
Артас газраар нэг бутарсан түүний төмөр дуулгыг ширтэж, амьсгаагаа
дарж ядан амнаасаа цагаан утаа савсуулсаар зогсов. Тэгээд хэцүүхэн
олж авсан шагналаа хүртэхээр Фростмурн руу харлаа. Нүд нь
бахдалтайгаар Фростмурныг ширтэхэд, илдний талаарх муу ёрын
болоод бүхий л сэжиглэл, эргэлзээ үгүй болж, цорын ганц, төгс
төгөлдөр зүйлээ олсон мэт санагдана.
“Хараач, Мурадин, сайн хараач,” хэмээн хүндээр амьсгаа авч, хоолой
нь чичирхийлэн, “бидний аврал, Фростмурн.”