Page 221 - Артас Лич хаан
P. 221
“Эрчүүдийг хараал идэг!” гэсэн үгс түүний сэтгэлийн гүнээс
шахагдах мэт гарч аман дээр нь тэсрэв. “Би үхэгсдэд ч бас үйлчлэх
үүрэгтэй. Өш хонзонгоо авахад минь надад юу ч саад болж чадахгүй,
хуучин анд минь.” гээд, илднээс аажуухан харцаа холдуулан
Мурадины санаа зовсон харцтай тулгаж, харцаа үл ялиг зөөлрүүлэн,
“Та ч гэсэн.” хэмээв.
“Артас --би чамд тулалдахыг зааж өгсөн. Би чамайг сайн дайчин болж,
бас сайн хаан болоосой гэж хүссэн. Гэвч сайн дайчин болохын тулд
ямар тулаанд орох, ямар зэвсгээр тулалдахаа зөв сонгодог байх
учиртай.” гээд бүдүүн хуруугаар Фростмурн руу жигшсэн мэт
чичлээд, “Аан, энэ бол чамд тохирох зэвсэг биш ээ.”
Артас илдний иш байгаа хэсэгт мөсөн бүрхүүлийн гаднаас хоёр
гараар дараад, гөлгөр гадаргуунд нь нүүрээ наах шахам ойртуулав.
Мурадины яриа тэртээ хол юм шиг чихэнд нэг орж, нэг гарч, тасалдан
сонсогдоно.
“Намайг сонс, залуу минь. Бүгдээрээ танай хүмүүсийг аврах ондоо
арга зам ольё. Одоо явцгаая, буцаж очоод тэр замыг ольё.”
Мурадины буруу байлаа. Тэр огт ойлгохгүй байна. Артас зорьсон
хэргээ гүйцээх хэрэгтэй. Хэрэв одоо эргэж буцвал дахин алдаа
гаргасан болж таарна, харин тэр дахин алдаа гаргавал өөрийгөө
тэвчихгүй. Тэр олон удаа бүтэлгүйтсэн, хэр удаан ингэх вэ.
Энэ удаа л лав биш.
Тэрээр нүдээрээ харж, ашиглаж мэдэрч байсан болохоор Ариун Гэрэлд
итгэсэн, тэрээр нүдээрээ үзэж, биеэрээ тулалдсан болохоор сүнс болон
үхдэл амилдагт итгэсэн. Харин энэ мөчийг хүртэл, тэрээр үлгэр
домогт гардаг өгүүлэшгүй их хүч, хүчийг нууцласан далд газар, ер нь
тийм юм байдагт итгэлгүй ёжлосоор ирсэн. Гэтэл одоо, зүрх сэтгэл нь
яарч тэмүүлэн, ямар ч эргэлзээгүйгээр, баяр хөөрөөр огшиж,
сэтгэлийн гүн дэхь аймшигт хар хүслийг нь биелүүлэх үгс өөрийн
мэдэлгүй амнаас нь уналаа.