Page 224 - Артас Лич хаан
P. 224
Түүний оюун санаанд хадах нөгөө шивнээ дахин сонсогдож, “Энэ бол
чиний үнэн зам. Ариун Гэрэлд итгэх нь жинхэнэ мунхаг хэрэг байсан.
Ариун Гэрэл чамайг удаа дараа орхиж байсан. Ялагдашгүйг үхэж
байхад Ариун Гэрэл чамд ач ивээлээ хайрлаагүй мөн хаант улсыг чинь
залгихаар ирсэн хайр найргүй тахлын өмнө ч гэсэн Ариун Гэрэл
хүчин мөхөсдсөн. Зөвхөн Фростмурны жинхэнэ хүч чадлаар --чи
дредлордын сүрийг эсэргүүцэж чадна.”
Мурадин энэ аймшигт дайны хохирогч боллоо. Гэсэн ч түүнийг
эцсийн золиос гэж найдья. Артас хөл дээрээ босч, гэрэл цацруулсан
зэвсэг рүү ганхсаар очиж, хуучин андынхаа цусанд будагдсан гараар
илдийг барьж гар нь чичигнэв. Илдний ишэнд хүрч, хуруунуудаа
ороон атгахад яг л түүнд зориулагдаж бүтээгдсэн зэвсэг мэт гарт нь
гайхалтай төгс таарав.
Гар нь салганан хүйт дааж, бүх биеэр нь дамжих цэвдэг эцэстээ
зүрхэнд нь хүрлээ. Хэсэг зуур биеэ хөдөлгөхөд ч бэрхтэй байсан ч
удалгүй бүх юм зүгээр болов. Бүх юм зүв зүгээр болов; Фростмурн
одоо түүнийх, тэр өөрөө Фростмурных, яг л үргэлжид түүнтэй хамт
байсан мэт далд дуу хоолойгоор түүнтэй ярьж, шивнэж, оюун санааг
нь дотроос нь зална. Артас ч өөрөө инээд алдан илдээ сонсох аж.
Баяр баяслын уухайгаар илдээ өргөж, гайхаж, биширч, бахархсан
харцаар илдийг харна. Тэр одоо бүхнийг залруулах болно-- тэр, Артас
Менетил, болоод оюун санаа болон зүрх сэтгэлийнх нь нэг хэсэг
болсон ялгуусан Фростмурнын хамтаар бүхнийг залруулна. Ингэхийн
тулд тэрээр бүх үйлдлээ Фростмурнын өмнөөс хийж, илрүүлсэн
бүхий л нууцыг нь чих тавин сонсох болно.