Page 218 - Артас Лич хаан
P. 218
“Байж бай, залуу минь, хүлээ.” хэмээн бараг л тушаах мэт Мурадин
ширүүхэн хэлэв. Артас унтаагаараа хүйтэн усанд норсон мэт бие нь
чичигнэн, нүдээ анивчаад, аажуухан эргэж одой руу хараад,
“Юу вэ? Яагаад?” гэж хариу нэхэн шалав.
Мөсөн хашлага дотор эргэлдэх шившлэгт илд болон илдийг тавьсан
тавцан руу Мурадин нүдээ онийлгон ширтээд, “Энд нэг юм буруу
байна.” хэмээн бахим богинохон хуруугаар илд рүү заагаад, “Илдийг
авах хэтэрхий амархан байлаа. Илд энд ингээд хаанаас тусч байгаа нь
үл мэдэгдэх гэрлийн доор тасдуулахаа хүлээж байгаа цэцэг мэт байж
таарахгүй.”
“Хэтэрхий амархан гэнэ ээ?” хэмээн Артас итгэж ядан харцаараа
шудрав. “Та үүнийг олох гэж хангалттай их хугацаа зарсан.
Бас бид үүнд хүрэх гэж саяын үл мэдэгдэм амьтадтай тулалдлаа. Энэ
бүхэн хангалтгүй гэж үү?”
“Бахх,” гэж Мурадин хүржигнээд, “Энд Дээрэмчдийн Эрэг дээр
болсон шиг зүйл болох гээд байгаа юм шиг таагүй сэтгэгдэл төрөөд
байна, энд нэг өгөөш байх шиг байна.” гээд санаа алдаж, хөмсгөө
тултал зангидав. “Байз… тавцан дээр нь бичээс байна. Уншиж болох
нь уу, хараадхая. Энэ нэг юм хэлж магадгүй.”
Тэд хоёул урагшлаж, Мурадин нүдээ онийлгосоор тонгойн, гаргац
муутайхан бичсэн бичиг рүү ойртох зуур Артас өөрийг нь дуудсаар
байгаа илд рүү улам ойртов. Артас бичээсийг авч их сонирхож байгаа
Мурадинд өгөв. Уг бичээс түүний мэдэх аль ч хэлээр бичигдээгүй
байсан ч Мурадины нүдээ анивчуулан үсгүүдийг ширтэж байгаагаас
түүнийг уншиж чадах юм байна хэмээн ойлгов.
Артас гараа өргөж, түүнийг илднээс тусгаарлаж байгаа өөгүй гөлгөр,
үхмэл хүйтэн мөсийг цохьлоо, --тиймээ гэсэн эзэн биегүй хоолой
сонсогдов. Ямар нэгэн ер бусын зүйл тэнд байлаа, энэ бол зүгээр нэг
хөлдүү ус биш ажээ. Тэрээр үүнийг яаж мэдсэнээ хэлж мэдэхгүй ч