Page 231 - Артас Лич хаан
P. 231
нүүрэн дээр нь ийм сарнайн дэлбээнүүд унаж, охин эргэж хараад
түүнийг үнсэж байна гэсэн төсөөлөл нь дахин сэргэв.
Жэйна… гээд,
Тэрээр урагш алхангаа хуягласан бээлийтэй гар дээр нь буусан нэг
ширхэг сарнайн дэлбээг бодол болон имрээд, хөмсгөө зангидан өөд
харав. Имрэгдсэн сарнайн дэлбээ тэр даруй хатаж, алган дээр нь улаан
биш боровтор өнгөтэй толбо мэт зүйл болж хувирав. Залуу үхсэн
дэлбээг хойш нь чулуудаад түргэн бөгөөд шийдэмгийгээр урагшлав.
Тэрээр хар багаас сайн мэдэх болсон хааны өргөөний аварга хаалгыг
савсаар өргөө рүү орж, ирээд юүдэнгийн доор далдалсан сүүдэр
бүхий царайныхаа цаанаас Теренас руу хальт харц чулуудав. Артас
чулуун шалан дээр шигтгэсэн Лордароны тамга руу Фростмурны
үзүүрийг харуулж, урдаа чанга атгаад дуулгавартайгаар өвдөглөв.
“Аах, миний хүү. Гэртээ эсэн мэнд эргэж ирсэнд чинь баяртай байна,”
хэмээн Теренас хэлээд ганхасхийн суудлаасаа босохыг оролдов.
Теренасын бие тун тааруу байгааг Артас мэдэж байв. Сүүлийн хэдэн
сард тохиолдсон таагүй явдлууд эзэн хааныг тун доройтуулжээ. Үс нь
улам бүр цайсны дээрээс нүд нь ихэд ядрангуй харагдана.
Гэхдээ одоо бүх юм сайхан болно оо.
“Та ард олныхоо төлөө өөрийгөө цаашид золиослох хэрэггүй ээ. Та
хаан титмээ цаашид зүүх хэрэггүй боллоо. Би бүхнийг анхааралдаа
авсан” гээд,
Артас хуяг дуулга харшилдуулсаар босов. Тэрээр гараа өргөж, нүүрээ
далдалсан юүдэнгээ яраад, эцгийгээ яах нь вэ хэмээн ажиглав. Цорын
ганц хүүгийнхээ хэрхэн өөрчлөгдсөнийг харсан Теренасын нүд нь
орой дээрээ гарав.
Нэгэн цагт ард олондоо алтан шаргал тариа мэт хэмээн итгэл өгч
намирдаг байсан буудай адил шаргал үс нь одоо ясан цагаан болжээ.