Page 262 - Артас Лич хаан
P. 262
өндөрлөг дээр Силванас зогсоно. Тэрээр биедээ таарсан хөнгөхөн
ширэн дуулга өмссөн ба нумаа нуруундаа үүрчээ. Тэр өөрийн биеэр,
мөн Шелдарис бас Вор’атил бас түрүүлж явсан хоёр туршуулын
хамтаар айдаст автан хүлээж буй цугларсан харваачид дээр дасал
болсон хурдан хэмнэлтэй алхаагаар яаравчлан хүрч ирэв. Келмарины
сэрэмжлүүлж байснаар тэд муу ёрын армийн барааг харахаас
хамаагүй өмнө өмхийрсөн үнэрийг нь эхлэж үнэртэв.
Хун Тайж Артас араг ясан хүлгээ унаж, гал манарсан нүдээр итгэл
төгс урагш харна. Нуруунд нь зүүсэн шившлэгт илдийг Силванас
харсан даруйдаа танив. Хар хувцастай хүмүүс түүний тушаалаар
хуйлрана. Үхдлүүд ч гэсэн нэгэн адил. Янз бүрийн үхдэл, хүүрний
цуглуулгыг харсан Силванас амаа таглан, арагш харж бөөлжисөө
тогтоогоод, салхины чиглэл өөрчлөгдөн өмхий үнэрийг өөр тийш
салхилуулсанд чимээгүйхэн талархав.
Тэрээр урт нарийн цагаан хуруугаар тал тал тийш хурдан хурдан
дохиж, өөрийн төлөвлөгөөг харваачдадаа мэдэгдэв. Харваачид нь
толгой дохиж, сүүдэр мэт чимээгүй арагш ухрахад Силванас Артас
дээр харцаа тогтоов. Тэр юу ч анзаарсан шинжгүй. Тэрээр хүн төрхтэй
хэвээр харагдах боловч их цонхигор бөгөөд Силванасын бусдаас
сонсож дуулсан алтан шаргал гэхээс илүү цайвар цагаан үстэй байлаа.
Гэсэн ч тэр энэ бүхнийг яаж тэвчдэг байна аа? Амьд хүн тогтохын
аргагүй өмхий самхай үнэр, тойрон бүчсэн үхдэл хүүрнүүд,
ярагласан аварга том мангасуудыг… Силванас дотор нь муухайрах шиг
бие нь чичигнээд, анхааралтай бай хэмээн өөртөө шивнэв. Түүнд
үйлчлэх үхдлүүд зүгээр л зогсож, тушаалыг нь хүлээнэ. Шинэхэн
цогцоснуудын араг ясыг дахин амилуулан их л завгүй байгаа хүмүүс –
үгүй ээ некромансерууд байна хэмээн Силванас бодоод, жигшил
зэвүүцлээр дүүрч, бие нь хүйт даав. Тэд ялагдана гэж юу байдгыг
үзээгүй бололтой.
Та нарын биеэ тоосон зан өөрсдийг чинь хөнөөх болно гэж өөртөө
амлав.