Page 298 - Артас Лич хаан
P. 298
Жэйна дотор нь харанхуйлан найгаж, унах шахав. Артас…энд
ирчихэж….
Өвгөн Архимаг балкон руу яаравчлан очив. Насан өндөр болж,
эвэршиж мойногшсон гараа үл ялиг даллаад, Артасын хоолой шиг
хүчирхэг биш ч нарийн турьхан биенээс нь гарамгүй өндөр намбалаг
дуугаар,
“Амар мэнд үү, Хун Тайж Артас,” хэмээн Антонидас ёсчлон мэндлээд,
“Эцэг чинь аян замдаа сайн яваа болов уу?” гэхэд,
“Лорд Антонидас,” хэмээн Артас хариулав. Тэр хаана байна аа? Яг
гадаа юу? хэмээн Жэйна догдлон бодож, Антонидасын хажууд балкон
дээр гарвал түүнийг харах болов уу хэмээн өөрөөсөө асуув. “Тоглоом
хийх хэрэггүй шүү.” хэмээх Артасын Антонидаст хариу болгосон
үгийг сонссон Жэйна буруу харан нулимсаа арчив. Тэр ямар нэг юм
хэлэх гэж хичнээн хичээвч, хэлэх үгс нь хоолой дээр ирээд гацав.
“Бид чамайг ирэхийг мэдээд бэлтгэлтэй байлаа,” хэмээн Антонидас
тайвуухан үргэлжлүүлэв. “Би ахан дүүсийнхээ хамтаар нэвтрэхийг
оролдсон ямар ч үхдлүүдийг хөнөөх шидэт аура бүтээсэн.” гэхэд,
“Таны шалдир булдар ид шид намайг зогсоож дийлэхгүй, Антонидас.
Магадгүй та Куэл’Таласт юу тохиолдсныг дуулаа биз? Тэд ч бас
өөрсдийгөө халдашгүй гэж бодож байсан.”
Куэл’Талас.
Жэйнагийн дотор харанхуйлсан хэвээр, тэр өөрийгөө өвдсөн юм уу
хэмээн бодоход хүрэв. Куэл’Таласт юу болсныг дуулгахаар амь гарсан
цөөхөн хэдэн дүрвэгсэд ирэхэд Жэйна энд Даларанд байсан. Тэдний
дунд Куэл’дорейн хун тайж ч бас байсан. Тэрээр Каел’Тасыг ийм
ширүүн, ийм ууртай, бас ийм эвдэрсэн байгааг урьд нь хэзээ ч харж
байгаагүй. Жэйна түүнийг аргадаж, тайтгаруулах энэрэл нигүүслийн
сэтгэлээр очсон боловч Каел зөвхөн уур хилэн шингэсэн харцаар
өөдөөс нь ширтэж, нүүр буруулсан учир тэр өөрийн эрхгүй зайгаа
авахад хүрсэн.