Page 304 - Артас Лич хаан
P. 304
Скоржийн арми архирч, тэдний нүргээнээр амь тэмцэн дагжих
Силванасыг харсан Артас улам хорсолтой, зэвүүнээр маасайтал инээд
алдав. Хэдийгээр тэр үхсэн ч гэсэн, хэдийгээр тэр түүний тушаалыг
дагаж байгаа ч гэсэн тэр Артасыг жигшсээр байлаа. Түүний хайрлан
хамгаалдаг бүхнийг Артас өөрөөр нь устгуулж байгаа. Ялагдашгүй
эзнийхээ ташуурын амтанд онгод нь орсон мэт цоройн янцгаагаад,
хамаг хурдаар дайсныг цөмлөн оров.
Үхээрийн муу, үзлийн царайтай зарим цэргүүд Кел’Тузадыг
хамгаалахаар ард хоцров, гэсэн ч ихэнх нь удирдагчаа даган тулаанд
орлоо. Хотыг хамгаалуулахаар Кирин Торын дуудсан хөлөг баатрууд,
дуулгат баатруудын өмсгөлийг бас олон тооны танил болсон
цэргүүдийг Артас харлаа. Артас нэгэн цагт тэдэнтэй л адил цэнхэр
цагаан өмсгөлтэй, дуулгатайгаар мөр зэрэгцэн тулалдаж байсан.
Харин одоо, өчигдрийн цаг агаар ямар байсан нь хэнд ч хамаагүй
болдог шиг хуучны андууд нь ч түүнд огт хамаагүй болжээ. Өнгөрсөн
үе хамаагүй ээ, зөвхөн одоо үе л түүнд хамаатай болсон шиг,
Фростмурнаас өөр юу ч мэдрэхээ больсон шиг нь бүх юм түүнд
амархан, зовлонгүй байлаа. Фростмурн хороосон амь бүрээр, сэглэсэн
цогцос бүрээр улам л гэрэлтэн, гялалзаж цусаар дуулна.
Морьт болон явган цэргүүдийн эхний давалгаа татарч, хэрэгтэй нь
Скоржид үйлчлэхээр дахин амилж, бусад нь унасан газартаа хэрэггүй
үхдэл цогцос болон үлдэхэд, дараагийн давалгаа нь ирэв. Энэ удаа тэд
хурмастаас бүхнийг ширтэж буй Аварга Мэлмийний дүрсийг тод ягаан
өнгийн хувцасан дээрээ товойлгон оёсон Далараны шидтэнгүүдийн
хамт ирэв. Гэсэн ч Артаст бас хүч нэмэх холбоотнууд нэмэгдэн ирлээ.
Ад чөтгөрүүд Кел’Тузадын шившлэгийг тасалдуулахгүйн тулд
өөрсдийн гар хөлөө илгээжээ.
Хурц ногоон галт судал татуулсан аварга чулуун биет амьтад тэнгэрээс
шуугин унав. Тэдний газардсан газарт нь газар доргиж, мөргөлтөөр
бий болсон тогооноос муу ёрын ногоон энергээр үе мөч нь холбогдсон
мэт харагдах чулуун големууд гарч ирэв.