Page 306 - Артас Лич хаан
P. 306
“Тун сайн байна, Тайкондриус,” хэмээн Аркимонд өчүүхэн
дредлордыг үл тоомсорлох мэт толгой дохиод, “Лич Хаан цаашдаа
надад хэрэггүй болсон тул дредлордууд та нар одоо Скоржийг удирдах
болно.”
Багадаа Aртас бясалгалын болон сахилга батын хичээлд олон цагаар
сууж байсандаа сая талархах мэт болов. Гагцхүү тэр тэвчээр нь л
түүнийг гэнэтийн цочирдол, уур хилэнгээ гадагшлуулахаас сэргийлж
байлаа. Гэсэн ч түүний сэтгэл хөдлөлийг Ялагдашгүй хүртэл мэдэрч,
бухимдалтайгаар үүрсэв. Түүнийг жолоогоо чангалан атгахад ясан
хүлэг нь дахиж хөдөлсөнгүй. Лич Хаан хэрэггүй болсон гэнэ ээ?
Яагаад? Тэр чухам хэн байв, бас түүнд юу тохиолдох нь энэ вэ? Одоо
Артасыг яах бол?
“Удахгүй, би дайралтыг эхлүүлнэ. Гэвч эхлээд, би эдгээр өрөвдөлтэй
шидтэнгүүдийн хотыг өөрийн гараар үнсэн товрог болгож, түүхийн
хуудаснаас арчих болно. Бусдад нь ч бас сургамж болог.”
Аварга ад чөтгөр биеэ цэхлэн, захирангуй бардам төрхөө гайхуулан,
үдшийн бүрий унаж буй бүдэг харанхуйд алтан шаргал, хөх өнгийн
хуягаа гялалзуулан, том туурайгаар газар тамгалан алхалж одов. Араас
нь Тайкондриус үг дуугүй даган хөдлөв. Артас тэдний араас ажиглаж,
үл ялиг холдмогц Кел’Тузад дээр харайлган очиж, тэсрэх шахаж
байсан уур хилэнгээ савсуулан, “Энэ наргиа байлгүй дээ! Биднийг
одоо яах бол?”
“Тэвчээртэй бай, үхлийн хөлөг баатар. Лич Хаан ийм юм болохыг
урьдаас мэдэж байсан. Бүү санаа зов. Чамд аугаа их хувь тавилан бий.
Чи түүний төлөвлөгөөний нэг хэсэг болж болох юм.”
Болох юм гэнэ ээ? хэмээн Артас хамраасаа уур савсуулан
некромансерт хилэгнэх боловч тэр даруй биеэ барив. Хэрэв, хэн нэгэн,
ад чөтгөр ч бай, Лич Хаан өөрөө ч бай, хэзээ нэгэн цагт түүнийг
хүссэн үедээ ашиглаад хаяж болно гэж бодож байгаа бол тийм биш
гэдгийг Артас тун удалгүй харуулах болно. Тэр хангалттай ихийг
хийсэн --хангалттай ихийг алдсан, ийм байдалд орохгүйн тулд
өөрийгөө ч хангалттай золиослосон.