Page 331 - Артас Лич хаан
P. 331
мэдэлгүй дээш өргөгдөв, гэсэн ч мэдээгүй болсон гарт нь сумыг
ороож атгах тэнхэл байсангүй. Хуруунууд нь бадайрч мэдээ алдав --
хөл нь, гуя нь, бүх бие нь мэдээгүй болов…
Тэрээр Ялагдашгүйн хүзүүг дэрлэж толгойгоо шааж хажуулдан унаад,
мориноосоо арай л гулсчихсангүй дэлнээс нь зуурч тогтов. Арай гэж
толгойгоо эргүүлэн сүүмийсэн харцаар түүн рүү ширтээд, “Муу
урвагч! Чи намайг яачихваа?” хэмээн зууран хэлэв.
Силванасын царайд инээмсэглэл тодорч, туйлаас их баяртай байгаа нь
илт байв. Маш аажууханаар хөлөө зөөж гишгэсээр дэргэд нь тулж
ирлээ. Тэрээр Артас түүнийг хөнөөсөн тэр өдрийнх шиг хуяг дуулга
өмссөн хэдий ч цонхигор хөх-цагаан арьстай биеийнх нь ихэнх хэсэг
ил гарсан харагдана. Харин хамгийн хачирхалтай нь тэр өдрийн түүнд
үлдээсэн тоо томшгүй олон шарх сорви биенээс нь ор мөргүй арилсан
байлаа.
“Наадах чинь зөвхөн чамд зориулж би өөрөө хордуулж хийсэн тусгай
сум,” хэмээн хэлээд түүн рүү ойртлоо. Силванас нуруундаа нумаа
зүүгээд, оронд нь чинжаал хутга суга татан гаргаж ирээд ирийг нь
хуруугаар имрэнгээ, “Бие чинь мэдээ алдаж байна уу, Артас, гэхдээ
наадах чинь чиний надад үзүүлсэн тарчлалын хажууд юу ч биш ээ.
Жинхэнэ тарчлал гэж юу болохыг чи одоо мэдрэнэ.” хэмээн ёжтойгоор
хэлэв.
Артас хоолойгоо залгив. Ам нь элс балгасан мэт хув хуурай болж,
“Тэгвэл намайг түргэхэн гүйцээдэх.”
Силванас толгойгоо арагш саваад, хий хоосон сүнснийх мэт
цуурайтсан инээмсэглэлээр инээд алдаж, “Түргэхэн үхүүлэх гэж үү,
чамайг уу…чиний надад өгсөн үхэл шиг үү?” гээд хүйтэн
инээмсэглэл дүүрэн байсан царай нь хувьсхийн, нүд нь ув улаанаараа
эргэлдэв. Тэрээр Артас руу улам ойртож, гар сунгаад хүрэх зайд тулж
ирэв. Түүнийг ойртсонд Ялагдашгүй сэжиглэнгүйгээр давхийн
үргэхэд бараг унах шахсан Артасын зүрх тун таагүйгээр савлав.

