Page 336 - Артас Лич хаан
P. 336
Аварга чөтгөрийг мөрөө хавчихад, том хар далавч нь дагаж үл ялиг
хөдлөв. “Аль нь ч байсан, тэр одоо бидэнд төвөг болохоосоо
өнгөрсөн. Тиймээс, манай шинэ бүлгэмд чамайг элс гэж албан ёсоор
мэдэгдэхээр би ирлээ.”
“Шинэ бүлгэм.” Цоо шинэ ч юм биш дээ хэмээн Силванас дотроо
бодоод; адилхан л захиргаа, ондоо эзэнтэй. Тэр одоо ийм юм
сонирхохгүй.
“Вариматрас,” хэмээн тэр хүйтэндүү хэлээд, хариу бөхийсөнгүй. “Би
зөвхөн Артасыг үхсэн байхыг л харахыг хүссэн. Миний эхний
оролдлого бүтэлгүйтлээ, тиймээс одоо би хоёрдахь удаагаа алдахгүй
байхад хамаг анхаарлаа хандуулна. Надад та нарын бохир улс төр, хүч
хуримтлуулах гэсэн бодлого чинь хамаагүй.”
Чөтгөр огцом уурласан ч биеэ хазаарлаад, “Болгоомжтой бай, хатагтай
минь. Биднийг уурлуулах нь ухаалаг сонголт биш л болов уу. Бид бол
энэ Тахал хүрсэн нутгийн ирээдүй. Чи бидэнтэй нэгдэж, үүнийг удирд
эсвэл цөлөгд.”
“Та нар уу? Ирээдүй гэнэ ээ? Кел’Тузад өөрийн үнэнч Артастайгаа
явалгүй энд үлдсэн. Тэр түүнийг энд ямар нэг тодорхой шалтгаанаар
үлдээсэн байж таараа. Гэхдээ, магадгүй ээ, Хүчирхэг Нарны Худгийн
энергийн охиор амилсан лич чам шиг хүчтэй амьтанд бол юу ч биш
байх л даа.” гэж зэвүүцэн дооглосон хоолойгоор хэлэхэд аварга ад
чөтгөр айсан мэт хөмсөг зангидав.
“Би боол болж их удаан амьдарлаа, дредлорд.” Үхсэн хэрнээ
“амьдарлаа” гэж хэлж байгаа нь зугаатай юм. Сурсан юмыг сураар
боож болдоггүй гэдэгтэй адилхан юм. “Тэр муу зулбасага намайг ямар
болгосноос илүү өөрийг нь тийм болгох гэж би байдгаараа тэмцсэн.
Би одоо өөрийн хүссэнээ хийнэ, би өөрийн замыг сонгосон. Легион
ялагдсан. Та нар бол Легионы эцсийн өрөвдөлтэй үлдэгдлүүд. Та нар
бол үхэж буй үүлдэр. Би та нар шиг мулгуу амьтадтай өөрийгөө
дөнгөлж, дөнгөж олдсон эрх чөлөөгөө хазаарлахгүй.”